2024-04-27

Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газрууд

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог.
Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ.

Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог.  Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ.