2024-04-27

Алтан гадаст Цэрэнпилийн Гомбосүрэн

Цэрэнпилийн Гомбосүрэн нь 1943 оны 1 дүгээр сарын 5-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Уньт” хэмээх газар төрсөн. Монголын Улсын төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд асан, дипломат, нэрт орчуулагч юм.

 1951-1961 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль, 1961-1966 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1974-1976 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуууль, 1978-1979 онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат Академид суралцаж тус тус төгссөн.

Ц.Гомбосүрэн нь нэртэй орчуулагч-дуун хөрвүүлэгчдийн нэг юм. ШУА-ын ОУСХ-ийн хүндэт доктор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн.

Оросын нэрт зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петровын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хүүхдүүд”, “Солиот” зэрэг 20 гаруй оросын сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлжээ. 2015 онд Оросын нэрт зохиолч Юрий Трифоновийн 3 туужийг анх удаа монгол хэл рүү орчуулсан, түүнээс өмнө Ю.Трифоновийн бүтээл Монгол улсад огт хэвлэгдэж байсангүй.

Исламын шашны хөлгөн судар болох “Коран“-ыг анх монгол хэл рүү хөрвүүлсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын санаачилсан “Дэлхийн уран зохиолын 100 шилдэг бүтээл”-ийг эх хэлээрээ хэвлэн түгээх ажилд багтсан. Ц.Гомбосүрэн сонгодог утга зохиолын монгол орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг.