2024-04-27

ӨВӨЛ ХАВРЫГ ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛАВ

Аймаг, сумдын онцгой комиссийн гишүүд болон орон нутгийн удирдлагууд цахимаар хуралдаж 2023-2024 оны өвөл хаврыг эрсдэлгүй, хохирол багатай даван туулах ажлын төлөвлөгөөг гаргалаа.

Хурлын үеэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн сумдын Засаг дарга нарт тодорхой үүрэг чиглэлийг өгөв. Тодруулбал, Аймгийн хэмжээнд отрын бүс нутаг бүхий 650 га газарт зуншлага тааруу байсан сумдын малчдын 80-90 хувь нь очиж оторлуулах ажлыг зохион байгуулах, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээлж буй цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг шуурхай авч, иргэдэд мэдээлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн цас их орж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд сумын иргэд, малчдад хүрч ажиллахад шаардлагатай автомашин, хүнд механизмын тооцоо, судалгааг гаргах, цас зүсэх, зам гаргах /дальпуу/ техник хэрэгслийг сум тус бүр нэгээс доошгүй тоогоор бэлтгэх, шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй ШТС-тай хамтран нөөц бүрдүүлж ажиллахыг үүрэг болгов.