2024-03-19

Өвөрхангайн бахархал Ч.Ойдов төслийн хаалт

Намайг хүүхэд байхад “Ардын элч” кино шиг байлдаантай, сэтгэл хөдөлгөсөн кино байсангүй. Тэр киног үзэх гэж тасалбар хөөцөлдөөд л, Улаанбуланд чихэлдээд л ордог байлаа. Одоо ч үзэхэд уйддаггүй, сайхан байдаг. Олон үзэх тусмаа л дүрүүд, үг хэллэг, найруулгаас зохиолчийн ур чадварыг олж хардаг юм. 
Тэр киноны зохиолыг бичсэн төрийн шагналт зохиолч Ч.Ойдов гуайн уран бүтээлийн “Зохиолын цоморлиг” хоёр боть номын нээлт аймгийн ХДТ-т боллоо. 1939 оноос уран бүтээлээ эхэлж, “Долоодой хүү”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Зам“, “Далан худалч” зэрэг 20 гаруй драмын жүжиг, жүжгийн зохиол, “Жаргалын зам” дуурийн цомнол, “Чөтгөртэй бууц”, “Хуучин танил” зэрэг өгүүллэг, шүлэг, найруулал, хүүхдийн жүжиг, тууж, тэмдэглэл, “Ардын элч” киногоороо уншигч, үзэгч олны талархлыг хүлээсэн Ч.Ойдов зохиолчийг алдаршуулах, сурталчлах үйл ажиллагааг “Өвөрхангайн бахархал” төслөөс эхлүүлээд байна. Нутаг усныхаа суутай, цуутай алдартнаар бахархах төслийг хэрэгжүүлсэн бүх хүмүүст халуун баяр хүргэж, чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж