2024-04-27

Өвөрхангай аймгийн Хархорум хотын туурь

Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин  сумын  нутагт  оршдог. Хархорум хотыг Чингис  хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн баригдаж дуусжээ.   Хархорум  хотын туурийг  1971 онд  улсын  тусгай  хамгаалалтад  авч 1995-1997 онуудад ЮНЕСКО, Монгол,Японы  засгийн  газар   хамтран  Хархорум хотын  туурийг  хадгалж  хамгаалах  төслийг  хэрэгжүүлж  Хархорум  хотын  байршлын  зургийг  гаргаж   хамгаалалтын  бүсийг   тогтоосон    байна.

Оросын эрдэмтэн Н.М.Ядринцевийн удирдсан шинжилгээний анги 1889 онд  Хархорум хотын туурийг илрүүлэн судалснаар Монгол оронд археологийн судалгаа эхэлсэн гэж үздэг.

      1891 онд Оросын Эзэн хааны ШУА-ын томилолтоор академич В.В.Радловоор удирдуулсан “Орхон шинжилгээний анги” Монголын төв нутгаарх түүх дурсгалт газрыг үзэж зураглан тэмдэглэж авсны дотор Хархорумын үлдэц нурааг нарийвчлан шинжиж, газрын зургийн мэргэжилтэн ахмад Л.И.Шеголов Хархорумын туурь болон Эрдэнэ Зуу хийдийн дэвсгэр зургийг үйлдсэн байна.

 

1995-1997 онд ЮНЕСКО-оос нийт хүн төрөлхтний түүх соёлын үнэт өвийн нэг болох Хархорум хотын туурийг авран хамгаалах төслийг Монгол, Японы эрдэмтдийн хүчээр хэрэгжүүлсний дүнд уг хотын бүрэн хэмжээний топографийн зураг үйлдэж хамгаалалтын бүс тогтоон хотын хэрэмт хэсгийг тойруулан хайс барьж хамгаалсан нь аж ахуйг үйл ажиллагаа хийгээд хүмүүсийн зохисгүй үйлдлүүдээс эртний нийслэлийн ор туурийг хамгаалж хадгалан үлдээх боломжийг бүрдүүлсэн юм

1999 оноос Монгол-Германы хамтарсан “Хархорум” шинжилгээний ангийнхан хотын туурьд малтлага, судалгааны ажил хийж эхлээд өнөөг хүрсэн байна.