2024-04-24

МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН

Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай хоёрдугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.