2024-03-29

ХАЛХЫН ИХ ХҮЧТЭН ДАШДОРЖИЙН ЦЭРЭНТОГТОХ

Хоёр мянга есөн оны цагаан сарын өмнөхөн Цэрэнтогтох аваргынд очлоо. Гуравхан хоногийн дараа шороон үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гарах гэж байв. Аваргаас ярилцлага авахаар очсон нь тэр л дээ. Дөрөвдүгээр хорооллын байранд нь хүрч очихуйд тэрээр нэг их том хэлхгэр ноосон цамцтай, гал тогооныхоо өрөөнд уур манан савсуулсаар угтсан. Цагаан сарын ууцаа байрныхаа гадаах гэрт чануулчихаад уур савсуулан буй нь тийм аж. Миний хувьд Монголын хүчит их аваргатай сар шинийн босгон дээр уулзахаар ирсэндээ амьхандаа бэлгэшээгээд байгаа. Дээр нь төрт ёсны уламжлалт баярын идээ шүүс ууцаа чаначихсан бөөн дуу шуу, хөөр баясал дунд нь орж ирсэнд бүр чиг бэлгэшээгээд явчихав. Юу юугүй битүүн тулчихсан учир аваргын гэргий Отгон эгч ажлаа барахгүй, амьсгаа дээр л байгаа бололтой. Ханийнхаа хөрөг бүхий гоёмсог хивс ханыг нь бүрхсэн том өрөөндөө энэ тэрхэнийг эмхэлж суугаа харагдана.Аварга бид хоёрын яриа цагаан сарын бөхөөр эхэлсэн. Тэрээр далан найман оны сар шинийн барилдаанд анх түрүүлээд тэр жилийнхээ наадамд ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Тэгэхдээ их шөвөгт Баянмөнх аваргыг, түрүү үзүүрт Мөнхбат аваргыг давсан байдаг. Ингэж монгол бөхийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн хосгүй хүчит “Хоёр Мөнх”ийн дархан хаанчлалыг зогсоосон хүчтэн нь Дашдоржийн Цэрэнтогтох аварга юм. Далаад оны дунд, наяад оны эхэн бол монгол бөхийн бас нэгэн оргил үе байсан гэдэг. Монгол төрийн наадамд Түвдэндорж, Батсуурь, ЧимэдОчир аваргууд зодоглож, Дамдин аварга, Бээжин аварга, Цэрэн аваргууд хаалтгүй шөвгөрч, Мөнхбат, Баянмөнх хоёр ид эзэгнэж байх цагт бөхийн дэвжээнд хувь заяагаар тодорсон хүчтэн нь Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нар. Дээрх аваргуудаас гадна Уламбаярын Мижиддорж, Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам, ГомбоАюушийн Дэмүүл, Пүрэвийн Дагвасүрэн, Жамбалын Хайдав, Мядагийн Мөнгөн нарын аваргын дайтай арслангууд эгнэн ярайж байсан цаг. За тэгээд цаана нь Донровын Долгорсүрэн, Дасрангийн Мягмар, залгуулаад Дэндэвийн Амгаа гээд хүчтэй заанууд тодорч байв.Яг ийм алтан үед Цэрэнтогтох аваргад монгол бөхийн дархан аварга хэмээх эрхэм дээд цолыг “Хоёр Мөнх”-өөс залгуулан авч, цагийг эзэлсэн их хүчтэн Хан Хэнтийн БатЭрдэнэд хүлээлгэн өгөх хувь заяа оногдсон нь агуу санагддаг билээ сэн. “Би чинь заан цол авч байж тавын давааны тунаанаас гарсан. Арслан болж байж зургаагийн давааны тунаанаас мултарсан. Харин аварга болчихоод байхад долоогийн даваанд тунасан хэвээр байлаа” гэдэг. Үнэхээр долоогийн даваанд Дамдин, Мөнхбат, Баянмөнх аваргууд ам аваад Цэрэнтогтох Хадаатайгаа юм уу, эс бөгөөс хэн нэгэнтэй нь тунаанд үлддэг байж л дээ. Харин түрүүлдэг жил нь түүнийг Дамдин аварга долоогийн даваанд амласан байдаг. “Би чамайг тунаанаас гаргая. Нүд чинь бүлтгэнээд хэцүү харагдах юм. Даваа бүрт тунах амаргүй, зовлонг нь би сайн мэднэ. Харин чи хөгшин хүн амалж байна гээд гэнэдэв дээ, цаашид сайн барилдаарай” гэж хэлчихээд яваад өгч. Долоогийн давааны тунаанаас гаргаж өгнө гэдэг төрийн наадмын түрүүг бэлэглэж байгаатай ялгаагүй. Харин хөгшин хүнд гэнэ алдав гэсэн нь айхтар сонсдож яадаг билээ хэмээн айн түгшихэд хүргэжээ. Дамдин аваргаар долоо давсан Цэрэнтогтох наймын даваанд Баянаа аваргыг далбааных нь ар талаас давуулж бариад дотуур хутгаж, дэгээ болгон эргүүлээд давхар мордох, тахимдах хичнээн олон уран мэхийг угсруулан хийж давсан гэж санана. Далан найман оны наадмын бичлэгийг үзэхэд үнэхээр бахтайхан давж, цэнгэлдэхийг донсолгон шуугиулсан нь мэдрэгдээд ирнэ. Үзүүр түрүүнд Мөнхбат аваргыг суйлж цацах уран мэхээр давж түрүүлсэн түүхтэй. Мөөеө аварга тахимаа өгөхдөө үнсэж, аргагүй л ааг бяр нь амтагдаж байгаа залуу хүчтэнийг түмэн олон наадамчдын өмнө хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Монголын домогт гурван аваргыг дараалуулан өвдөглүүлж төрт ёсны их баяр наадамдаа түрүүлсэн жавхгар бор залууд Цэдэнбал дарга баяр хүргэн шагнал гардуулахдаа “Хүү минь чи хаанаас ингээд гэнэт гараав ирэв ээ” хэмээн гайхсан, эргэлзсэн, бахдан баярласан өнгөөр асууж байсан гэдэг.

Бал даргын гайхан балмагдаж тийн асуусан ч учиртай. Далан хоёр оны наадамд цэргийн хүүхэд шууд зургаа давж, зааны даваанд тулж ирэн шуугиан тарьсны дараахь он жилүүдэд түүнийг улсын наадмаар барилдуулалгүй өнжөөж байсан удаатай. Энэ тухайгаа аварга “Тухайн үед тэмцээн уралдаан болоод бэртэл гэмтлийн улмаас гурван ч жилийн наадамд өнжчихсөн байлаа. Энэ хооронд онжав Хадаа маань арслан болоод бүр хол тасраад явчихсан байв. Нөгөөхөө гүйцэхэд амаргүй. Гүйцлээ гэхэд, наад зах нь хоёр түрүүлж байж өмнө нь орох болоод байдаг. Яагаад би Хадыг онцолж байна вэ гэхээр миний мөнхийн өрсөлдөгч байсан юм. 1977 оны хавар чөлөөт бөхийг хэсэг хугацаанд орхихохоор шийдлээ. Тэгэхгүй бол яг наадмын үеэр гадагшаа явуулчих гээд байдаг. “Би явахгүй, төрийнхөө наадамд зодоглоно” гэж хэлэх эрх надад байхгүй. Наадмын үеэр намайг гадагшаа тэмцээнд явуулж, барилдуулалгүй өнжөөх сонирхолтой хүмүүс байсан л даа” хэмээн өгүүлж байв.Эл эрхэм “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж Чимэдбазарын Дамдиншарав багшийн гарт ирсэн. Дамдиншарав гуайгаар бөхийн чөлөөт барилдааныг заалгаж, их спортын тамирчин болсон түүхтэй. 1974 оны Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монгол Улсаас анх удаа алтан медаль авч байв. Наян оны Москвагийн олимпт тавдугаар байрын шагнал хүртэж байсан гээд их спортод үзүүлсэн амжилт нь тив, дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцээд ирснийг бататгана. Гурван ч жилийнх нь наадмыг өнжөөсөн бөхийн чөлөөт барилдаан нь их аваргад бөмбөрцгийн хүчтэнүүдтэй зодоглох бас нэгэн сорилтыг тулгасан байдаг. Далан долоон оны хавар чөлөөт бөхөөс хэсэгхэн хугацаанд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж улсын наадамд зодоглосон нь заан цолонд хүрэх улмаар арслан, аварга бөхийн дээд цолонд хүрэх их амжилтынх нь хөрс суурь болжээ. Зүүнбаянгийн горзгор хар цэрэг далан хоёр оны наадмыг хэрхэн шуугиулсан нь онцгой. Гурвын даваанд Архангайн Хайрханы Балдир зааны хүү, аймгийн арслан Сүхбаатарыг давсан байна. Дөрөвт Булганы Бугатын Чимидийн Лундаа гэж аймаар амьтныг хаячихсан гэнэ. Лундаа бол тухайн цагт ид гарч ирж байсан, тэр жил заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олны итгэн хүлээж байсан бөх л дөө. Ингээд начны буюу тавын даваанд уран барилдаант хүчит аварга, Уйлган голын Чойжилын Бээжин гуай амлаад авчээ. Бээжин аварга хоёрхон жилийн өмнө буюу 1970 оны төрийн наадамд нэг голын Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан ид үедээ тийнхүү цэргийн хүүд элэг бүсээ тайлжээ. Зургаагийн даваанд төрийн наадамд гурвантаа үзүүрлэсэн, тухайн жил мөн л түрүү үзүүрт яригдаж байсан хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнг өвдөглүүлчихсэн байна. Аварга улсад анх барилдсан наадмаа дурсах дуртай. “Дагвасүрэн гуайг хаячихаад эхлээд итгээгүй. Хөл авах гэж дайрахаар нь барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Би дэвж чаддаггүй, засуул болохоор дэвээч гээд байдаг. Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Сүүлд бодох нь ээ, харамсаад л байж. Тэр жил шүуд зургаа давчихна гэж огтхон ч бодогдоогүй. Гурав давбал 14 хоногийн чөлөө өгдөг байсан. Гурав давж 14 хоногийн чөлөө авч нутагтаа очих сон гэж бодсоноос цол авна чинээ санаагүй дээ” гээд инээд алддаг сан.Далан долоон онд заан болно гэдэгтээ итгэл дүүрэн байсан гэдэг. Чөлөөтийн бэлтгэл гэж бодох юмгүй, мөн наадмаар гадагшаа явна гэх айдасгүй, ерөөс наадмын бэлтгэлээ шаргуу хийж, ёстой нэг торгон ир нь ханачихсан байсан биз. Тавд Мядагийн Мөнгөнийг, зургаад Дасрангийн Мягмарыг, долоод Хадаагаа тунаж давсаар наймын даваанд Баянмөнх аваргатай мөн л тунажээ. Баянаа аваргатай жаахан тогтож барилдсан бол тэр жил би түрүүлэх байсан гэж нэгэнтээ хэлсэн юм. Наймын даваанд Мөнхбат аварга Дагвасүрэн арсланг амлаж барилдаад уначихсан байна. Хэрвээ Баянааг давсан бол түрүү үзүүрт Дагваа арслантай үлдэнэ. Улсад анх зодоглох жилээ зургаагийн даваанд унагаж байсан бөх нь. Түрүүлэх байсан гэж бардам хэлдэг нь ийм учиртай. “Та бол хоёр Мөнхийн дархан хаанчлалыг зогсоосон хүн. Ямар ч аавын хүүд элэг бүсээ тайлаагүй, зөвхөн хоёр биенээ хэрхэн хаяхаа бодож явсан энгүй хүчит аваргуудыг анх өвдөглүүлснээ яриач” гэж миний бие аваргаас гал зуухных нь өрөөнд ярилцаж суухдаа асуусан. Ер нь аварга бид хоёрын сонины бараг хоёр нүүр шахам тэр ярилцлага энд тэнд, сонин сэтгүүл, сайтад олон олон хүний автортойгоор гарсан байдаг. “Цэрэнтогтох аваргатай ярилцлаа” гээд гараад ирнэ. Аваад үзэхээр гарчиг, өмнөтгөлийг нь өөрчилсөн миний өнөөх яриа. Эхэн үедээ дургүй хүрдэг л байлаа. Одоо бол сэтгэлд баяр төрдөг. Цэрэнтогтох аваргаас амьдралынх нь сүүлийн жилүүдэд хамгийн том яриаг авч үлджээ. “Баянаа аваргын ам мэхэнд би орсон” гэдгээ ч аварга тэгэхэд л илэн далангүй хэлсэн. За үл ялиг гажуудчих шиг боллоо.

Хоёр Мөнхийг хаясныг нь хүргэе.“Хоёрондоо барилдаж л нэг нь унадаг хоёр хүчит аваргыг анх унагаснаа тод санадаг даа. Ер нь тэрхүү барилдаанууд цээжинд минь өдөр бүр хадгалаатай явдаг гэж хэлж ч болно. Ж.Мөнхбат аваргыг 1975 онд МБАТ-ий спартакиадын барилдаанд анх унагасан. Тэгээд Х.Баянмөнх аваргад унаж хоёрдугаар байрт шалгарч байсан. Ж.Хайдав, П.Дагвасүрэн нарын арслангууд, Д.Түвшин, Д.Долгорсүрэн, Д.Мягмар нарын хүчтэй заанууд бүгд л зодоглосон юм. Хоёрдугаарт байрт шалгарч “Хоёр Мөнх”-ийн голд зогсож байхад бахархалтай санагдаж байлаа. Харин надад улсын заан цол өгнө гэж амлачихаад өгөөгүй. Анх зодоглоод начин болдог жилийнхээ долоогийн даваанд би Ж.Мөнхбат аваргад унасан даа. Мөөеө аваргатай анх барилдсан минь тэр. Чухам яаж барилдснаа ч мэдээгүй. Гэхдээ би унаагүй юм шүү. Дөрвөн хөллөөд гүйгээд явбал Мөнхбат аварга дэлж байгаа харагдлаа. Тахимаа авах гээд ирэхэд нь элэг бүсээ шууд тайлчихсан. Баянаа аваргыг унагасан минь бас их түүхтэй. Заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Галдагва начин бид гурав шалгарч үлдлээ. Сүүлийн даваануудад бөх сондгойрч цолныхоо эрэмбээр Баянаа аварга бид хэд хий мөргөсөн байв. Ингээд сүүлийн гурван гурван бөхөөс ээлж ёсоор Д.Галдандагва начин хийлж, Баянаа бид хоёр тунасан. Маш сонин мэхээр унагасан юм. Сүүлийн үед тал хутгаа л гэж яриад байгаа юм. Самбо барилдааны л мэх юм. Баянаа аварга хувцсаа өмсч суух зууртаа “Би сая ан авд яваад ирлээ. Ямар ч бэлтгэлгүй байсан болохоор уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очно. Чи ч миний гараас хаашаа гарахав дээ” гэж хэллээ. Би ч юм дуугарсангүй. Долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан боллоо. Баянаа аваргатай яалт ч үгүй л түрүү, үзүүрт үлдлээ. Аварга элэг бүсний барьцаа улам шавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр нь өмнөөс цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан боловч тэвчээр алдаад хийчихсэн хэрэг. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Баянаа аварга царай нь сонин болчихсон тахимаа өгч байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэгж анх хаяад тэр жилийнхээ цагаан сар, заал танхимын барилдаанд аваргад би унаагүй. Үндсэндээ бүтэн жил хаясан даа” гэв.Энэ бол монгол бөхийн агуу түүх юм. Заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн бөхийн дээд таван өндөр цолыг таван жилийн хугацаанд дараалуулж хүртсэн хүчтэн бол Цэрэнтогтох аварга. “Энэ таван цолыг жил дараалан ингэж авна гэдэг хэцүү л дээ. Монгол бөхийн түүхэнд Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга бид гурав л байна” гэж хэлсэн нь үнэндээ бишрэм дуулдалгүй яахав.Тэр бол угсраа уран мэхний амьд архив, бодит ертөнц нь байлаа. Дахин давтагдашгүй барилдаан, зүлэг ногоон дэвжээгээ эзэгнэнхэн байсан он жилүүдээрээ Монгол үндэсний бөхөд ер бусын шинэчлэл хийсэн юм. “Би мэхийг хэзээ ч нэг хувилбараар хийж байсангүй. Эхлээд өдөөж хийдэг байлаа. Өдөөнд минь бөхчүүд унадаг л байсан. Тэгэхээр өөрийгөө нэг мэхтэй бөх гэж ойлгодоггүй. Давхар, угсраа мэхтэй гэж боддог. Одоогийн залуучууд ид үеийн минь барилдааныг хараагүй. Хэрвээ тухайн үеийн барилдаануудын бичлэг байсан бол мөн ч олон шинэ мэх залуучууд надаас сурах байсан даа” хэмээн аварга нэгэнтээ чин үнэнээ өчөөд “Жаахан түрүү үеийн хүмүүс намайг уран барилдаантай байсан гэдгийг минь хүлээн зөвшөөрөх байх аа” гэж эр хүний цөлх ухаан, аварга бөхийн нүнжигт сэтгэлээр хэлснийг яахин мартана. Өрсөлдөгч бөхөө хөдөлгөж байж л уран барилдаан гарна, бөхчүүд хэн нэгнээ зуураад, барьц сонгуулахыг хүлээгээд л зогсоод байх юм, уран мэхийг уралдуулж байгаа юм шиг харагддаг ч монгол үндэсний бөх зогсонги байдалд орлоо гэдгийг хатуухан хэлсэн. Залуу бөхчүүд цолоо хадгалах хэмжээнд барилдахыг, улсад түрүүлж арслан цол аваад дараа жил нь дөрөв, тавын даваанд унаж буйг шүүмжилснийг бодууштай. Цэрэнтогтох аваргын барилдааны онцлог бусдаасаа онцгой байдаг. Улсын наадамд анх зодоглож начин цол хүртсэнээсээ хойш 41 нас хүртэлх хугацаанд тэрбээр хоёрхон удаа зургаа давж их шөвгийн наймд шалгарсан. Бусад жил нь дандаа түрүү, үзүүр, шөвгийн дөрөвт үлдсэн нь гайхам. Ерэн онд дөчин нэгэн настайдаа тэр үеийн наадмын босоо бөх Б.БатЭрдэнэ аваргатай түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан унаж байжээ. Энгүй хүчит аварга гэдгийг нь уг үзүүлэлт батлаад өгөх ажгуу.Монгол бөхийн дэвжээнд нэгэн цагт тодорсон, мөнхийн өрсөлдөгч Хадаагаа ярихаар хоёр нүдэнд нь нулимс гүйлгэнээд ирнэ. “Даяар дуурсах аваргууд” нэвтрүүлгийн үеэр Хадаагаа яриад уйлж байсан сан. Халхын хүчит аваргыг нус нулимстай нь хольж, бөхийн дэвжээнд ганцааранг нь өнчрүүлээд үлдээсэн Хадаа нь хүний хайлан явсныг хэлэх илүүц биз дээ. “Хадаа маань ном ёсоороо барилдаад явсан бол тэр үед мань мэт нь түрүүлэхэд бэрх. Бөхийн дэвжээнд олон жил ганцаараа ноёлох байсан байх” гэж бахархалтай ч юм шиг, гунигтай юм шиг хэлсэн. Үнэндээ нэг хэсэг Хад бид хэдийн барилдааныг харах гэсэн үзэгчид заал танхимд багтахаа байж, дүн өвлийн хүйтэнд гадаа зогсоцгоон, цагаан хоолой чагнаж асан жилүүд бий шүү гэж нэмж хэлэхээ мартаагүй.Цэрэнтогтох аваргаа би “Халхын хүчит их аварга” гэж хэлэх дуртай. Уул нь Монголын домогт хүчтэн л дээ. Гэхдээ яагаад ч юм надад “Халхын” гэж хэлэх нь сайхан санагдаад байдаг. Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар гэдэг шиг. Өндөр гэгээн гэснээс Цэрэнтогтох аварга халхын анхдугаар Богдын өлгий нутгийн хүчтэн. Тэр жилийн хавар, өндөр гэгээний нутгаас тодорсон Монголын яруу найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж гуайгаа сүүлчийн замд нь үдэх ёслолд Цэрэнтогтох аварга ирсэн байлаа. Нэг нутаг усны хүмүүс, ирэлгүй ч яахав. Хаврын нойтон цас будагнасан тэр өглөө Дуурийн театрын гадаа их аварга надтай таарчихаад “Хүүгээ сая зурагтаар харсан. Найргийн наадмын шагнал авч байна лээ. Отгон бид хоёр баярлаж суулаа. Чи ер нь ахынхаа тухай нэг ном бичээч. Тэр тухай чамд хэлье гэж бодоод явлаа” хэмээн сал пал дуулгах нь тэр. Их аваргаас ийм үг сонсоно чинээ санаагүй явсан би Монголын яруу найргийн сүмбэр оргил агуу их Пүрэвдорж гуайнхаа алтан шарилын өмнө толгой гудаан зогсохдоо нэг л эргэлзсэн янзтай байж билээ. Гэхдээ аваргад “Өө тэгье, таны номыг би бичье” гэж хэлж зүрхлээгүй. Аварга ч тэр тухай дахиж яриагүй. “Отгон бид хоёр зурагтаар харлаа” гэдэг нь хоёр мянга есөн оны гуравдугаар сарын нэгэнд “Эх орончдын өдөр”т зориулсан яруу найргийн наадамд миний бие түрүүлсэн юм, түүнийг хэлж буй хэрэг. Харин сүүлд “Болор цом” авчихаад баяр хөөртэй их аварга руу ярьж, хоёул баахан нэгнээ хөөргөсөн юм даг.Эх орны баруун хязгаар, өндөр их Алтайг зорьж явахад их аваргын нутаг Нарийнтээлээр яг л дайраад өнгөрнө. Тэр жил найрагчдын хамт Алтайн цаад говь, Байтаг Богд, Бор цонжийн говийг зорьж явахдаа аваргын нутгаар дайрч, сумын төвийн цаахна байх ундрам булаг дээр саатан, зуны бүгчим халуунд шүдээ таштал ус залгилан зогссон сон. Хөвчит хангайн Ханхөгшин уулыг харах бүрийд Халхын хүчит аваргын минь гэрэлт дүр санаа сэтгэлд ургаад ирнэ. Энэ л ариун дагшин хайрхандаа их аварга минь шингэж, энэ л нарт тэнгэрийн дор зүүдлэгддэг юм сан уу. Эрийн хийморь сэргээсэн “Эр бор харцага”ын аялгуутай эрдэнийн сайхан Монголд жилийн жилд наадмын уухай цангинана л. Монголын домогт их хүчтэн, халхын сайхан хөвгүүн Дашдоржийн Цэрэнтогтохтой нэгэн он цагт хамт амьдарсан хувь заяандаа бахдаж хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтсаар л байх болно оо, би.