2024-04-27

Байгалын үзэсгэлэнт газрын нэг Хүйсийн найман нуур

Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий.

Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн төвшнөөс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. Хүйсийн найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ой, галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд бий.

Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлбэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан-Азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм. Энэ бүс нутагт эрс ховордсон эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Найман нуур болон эргэн тойрны газрыг хамруулан нийт 11.5 га талбайг 1995 онд Байгалийн дурсгалт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Хангайн нурууны гол хэсэг болох Шуранга, Гятруун, Битүү, Зэс улаан, Цэгээний хуниас, Ив зэрэг уул нуруудын араар, Орхон голын эхэнд орших ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн оршдог учраас байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдлаараа эрс ялгардаг онцлогтой. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд 85 хувийг шинэс ба хуш мод, 1 хувийг улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Халиут, Бугат, Хүйс нуурууд нь жижиг гол горхиор холбогддог бөгөөд бороо хур багатай үед ус нь эрс багасдаг нуурууд юм.

Эхний нуур болох Ширээт нууранд доктор А.Дулмаа анх загас үржүүлэх ажлыг зохион байгуулснаас хойш Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн байна. Уянга сумаас Хүйсийн найман нуур луу явах замд Шурангийн цохио хэмээх том хадан чулуу тааралддаг. Энэхүү чулууг давуулан чулуу шидэж чадвал хүсэл нь биелэгддэг гэсэн домогтой.

Хүйсийн найман нуур нь анх Хүйсийн есөн нуур гэгддэг. Ес дэх нуур нь маш жижигхэн байсан бөгөөд бороо хургүй үед бүүр ширгэчихдэг байжээ. Өдгөө Хүйсийн найман нуурын гурван л устайгаа үлдэж бусад нуурууд нь ширгэжээ.