2024-03-29

Д.Уртнасанпүрэв: МУ-ын гавьяат малчин аавынхаа халааг залгамжлаад явж байгаадаа баяртай явдаг

Энэ жил Өвөрхангай аймгаас 11 малчин гэр бүл “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан. Ажил, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж эрхэм хүндтэй цол хүртсэн Хайрхандулаан сумын 2-р багийн малчин Д.Уртнасанпүрэвийн гэр бүлтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд аав нь МУ-ын гавьяат малчин Г.Дамдиндорж юм.

-“Улсын аварга малчин өрх” хэмээх цол хүртсэн танай гэр бүлд баяр хүргэе. Хэчнээн жил мал аж ахуйн салбарт ажиллаж байна вэ?

-Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, эрхэм цол хүртсэндээ баяртай байна. Сургуулиас гараад мал малласан гэхээр 30-аад жил болж байна. Харин гэр бүлээрээ бие дааж маллаад 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд дэмжиж ирсэн нутаг орны удирдлагууд, ахан дүүс, найз нөхөд, туслах малчиддаа баярлалаа.

-Хэчнээн туслах малчинтай вэ. Малжуулах, цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдэж байна?

-Манайх сүүлийн 10 жил туслах малчин авч ажиллуулж байна. Нэг малчин маань 7-8 жил ажиллаж байгаа. Бусад малчидтайгаа нийлээд таван айлыг малжуулжээ.

-Энэ жил отор нүүдлээр явсан уу. Нутагтаа өвөлжсөн үү?

-Манай Хайрхандулаан сум хангай талдаа болохоор зуншлага гайгүй байсан. Гэхдээ хуучин шигээ сайхан байгаагүй. Цастай, хүйтэнд өвсний гарц муу болохоор хүнд өвөл болж өнгөрлөө.

-Таны аав МУ-ын гавьяат малчин Г.Дамдинсүрэн шүү дээ. Малчин удмаа залгамжлан иржээ. Хүүхдүүдээсээ малч удмаа залгуулах уу?

-Бид хоёр гурван хүүхэдтэй. Том нь 10-р анги бага нь цэцэрлэгт явдаг. Ямар ч гэсэн эхлээд боловсролтой болгоно. Дараа нь мэргэжил боловсролоо дагаад явах, малч удмаа залгамжлахыг өөрсдөө шийдийг гэж боддог.