2024-04-26

МӨРДЭСЭЭР ГОЁЛ ХИЙЖ, МЭДЛЭГЭЭР УХААН ТЭЛСЭН БҮСГҮЙ

Мөрөн дээрээ алтан туузтай

Мөрдэс гоёсон онцгой бүсгүй

Сүлд тэнгэртээ алдрын одтой

Сүү үнэртсэн цэргийн бүсгүй

Тэнгэрлэг эрстэй мөр зэрэгцсэн

Даруухан дүртэй эгэл бүсгүйн талаар уншигчидтайгаа хуваалцъя.                    

Гоёлын даашинзаа цэргийн дүрэмт хувцсаар сольж, гоо сайхан царайгаа соёмбот малгайн дор нуусан Цагдаагийн албаны бүсгүйчүүдийн алдар гавьяа их. Эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж яваа мөрдэс гоёсон бүсгүйчүүдийн нэг нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Бадамгаравын Туяацэцэг юм.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Даваадоржийн Бадамгарав, Тарагт сумын уугуул Галсангийн Оюунцэцэг нарын зургаан хүүхдийн гурав дахь охин болон мэндэлсэн. Б.Туяацэцэгийн хүүхэд ахуй нас нь хөдөөгийн айлын эгэл даруухан ажил хөдөлмөр ундарсан орчинд өнгөрсөн байна. Тэрбээр аавдаа их тусалж, морин дэл дээр давхиж, хонь хариулан өсжээ.

Энгийн хөдөлмөрч гэр бүлийн охин Туяацэцэг багадаа эмч мэргэжилтэй болохыг мөрөөдөж явсан ч 10 жилээ дүүргэж төгсөөд эхний жилүүдэд аавдаа туслахаар хөдөө мал дээр гарч байжээ. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үнэнч байхыг зөвлөж ирсэн аав ээж нь түүнийг 2003 онд Цагдаагийн Академи буюу одоогийн Дотоод хэргийн их сургуульд сургахаар шийдэж хот руу явуулсан гэдэг.

Тэрбээр 4 жил эрдмийн их өргөөнд суралцаж цэргийн хүн болсон байна.

Та бидний амар амгалан амьдралын төлөө тангараг өргөж,  амсхийх завгүй ажиллаж яваа энэ бүсгүй Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт дэд ахлагч цолтойгоор шуурхай албаны жижүүрийн цагдаагаар томилогдон ажил амьдралын их харгуйд хөл тавьсан гэдэг. Тус албанд 13 дахь жилдээ тасралгүй зүтгэж яваа түүний хувьд 2010-2013 онд Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст мэдээлэл судалгааны байцаагч, 2013 оноос өнөөдрийг хүртэл Цагдаагийн газрын wурьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрбээр саяхан Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн хошууч” цолоор шагнагдаж, ахлах офицерын бүрэлдэхүүнд орж аав ээжээ баярлуулан байгаа юм.

Ололт амжилтаар дүүрэн он цагийнх нь бас нэгэн бүтээл бол түүний гэр бүл юм. Өргөө гэрийнх нь алтан багана, чандмань эрдэнэ шиг гурван сайхан хүүхэд, монгол эрийн дэг жаягтай даруухан залуутай ханилж, халамж, хайраар бялхаж яваа.

Жаргал зовлон ээлжилсэн амьдралын их далайд хатан ухаан, хат суусан сэтгэл хоёроороо сэлүүрдэн яваа Мөрдэс гоёсон энэ л бүсгүй Монголын олон олон мөрдэст бүсгүйчүүдийн нэгэн цаг үеийн бахархалт төлөөлөл мөн билээ.

Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч явдаг  эрэлхэг цогтой цагдаагийн байгууллагын албан хаагчдын яруу алдар үүрд мандан бадраг.

Сэтгүүлч: М.Болорцэцэг