2024-04-26

Төрсөн ах дүү хоёр нэг өдөр, нэгэн зэрэг “Аймгийн Аварга малчин”-аар шалгарлаа

Аймгийн аварга малчин тариаланчдын шагналыг Ковид-19 цар тахалаас урьдчилан сэргийлж аймгийн Сүлд танхимд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Энэ жил “Аймгийн аварга малчин”-аар 83 малчин тодорч хөдөлмөрөө үнэлүүлсэний дотор Есөнзүйл сумаас төрсөн ах дүү хоёр малчин “Аймгийн аварга малчин”-аар тодорлоо. Тэдэнтэй цөөн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

Аймгийн аварга малчин хэмээх алдарыг ах дүү хоёр нэгэн цаг дор хүртэж шагналаа гардан авлаа. Баяр хүргэе ээ…

Баярлалаа. Манай аав Есөнзүйл сумын анхны мянгат малчин, аймгийн аварга малчин хүн бий. Бид эхээс долуулаа. Хоёр хүү, таван охинтой айлын хүүхдүүдээ. Энэ билэгт сайн өдөр эцэг эхийнхээ нэрийг дуурсгаж хоёр хүү нь нэгэн өдөр нэгэн зэрэг “Аймгийн Аварга малчин”-аар шалгарч, төр түмнээрээ хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа баяртай байна.

Та хоёр маань хэдэн төрөл дээр малаа өсгөж байна вэ?

Бид хонин сүргийг илүүтэй өсгөн үржүүлдэг. Багаасаа л эцэг эхийнхээ зааж сургаж хүмүүжүүлснээр өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байна. Мал сүргийнхээ ашиг шимийг хүртэж, ахуй амьдралаа залгуулан, үр хүүхдүүдээ өсгөж байна даа. Хонин сүрэг бол өгөөж ихтэй, налгар сайхан амьтан.

Энэ жил Өвөрхангай аймаг өвөлжилт хүнд байлаа. Отор нүүдлээр явсан уу? Өвөлжөө тавлаг байв уу?

Өвөлжөө тавлаг байлаа. Өвс, тэжээлээ сайтар бэлтгэж, отроор явалгүй нутагтаа өвөлжлөө. Онд мэнд сайхан ороод байна даа. Удахгүй төл малаа хүлээж авах гээд бэлтгэж ажлаа хангаж байна.

Сургууль цэцэрлэг хичээллэхгүй болохоор хүүхдүүд тустай, халуун ам бүлээрээ байв уу?

Харин тиймээ, хүүхдүүд хажууд үргэлж хамт байгаад тустай байхаар ажил хөнгөн сайхан байх юм. Хэдийгээр сургууль цэцэрлэг хичээллэхгүй хүүхдүүд сурч боловсрох нь хоцорч байгаа ч хамт байх сайхан юм.

Нутгийн ахан дүүс, малчин түмэндээ баярын сэтгэгдэлээ илгээж, мэндчилгээ хүргэхгүй юу?

Цагийн шалгуурыг даван туулж, мал сүргээ өсгөн бойжуулан “Аймгийн аварга малчин” хэмээх алдарыг нэгэн цаг дор хүртэж байгаадаа баяртай байна. Нийт ахан дүүс, нутгийн олондоо хаврыг өнөтэй давж, төл малаа бүрэн хүлээн авч дэлгэр цагтаа учран золгоорой гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа. Мал сүрэг нь түм бумаар өсөн үржиг ээ.