2024-04-25

М.Лхагвазаяа: Чи үүнээс илүүг хийж чадна гэж хурцалдаг, дэмждэг хамт олондоо хайртай…

Өвөрхангай аймгийн ХДТ-ын жүжигчин 

-Багаасаа урлагт хайртай хүүхэд байв уу?

-Би 2017 онд Өвөрхангай аймгийн ЕБ-ын 1-р сургуулийг төгссөн. Бүжгийн анхны багш ЕБ-ын 2-р сургуулийн дуу хөгжмийн багш О.Мягмаржаргал.Багшаараа анх дөрвөн настай байхдаа Жалам хар бүжгийг заалгаж байлаа. Дараа жил нь таван настай байхдаа бүжгийн “Ирмүүн” дугуйланд явж, 14 жил суралцсан. ЕБС-иа төгсөөд аймгийн  ХДТ-т ажиллаж байна даа.

-Их багаасаа бүжиглэж эхэлжээ. Таван настайдаа мэргэжилээ сонгосон гэхэд болох нь ээ?  

-Би багаасаа бүжиглэсэн болохоор урлагт их хайртай. Киног илүү шимтэж үзнэ. Гол дүрийн жүжигчинд нь дурлачихдаг байсан юм \инээв\. Жүжигчин гэдэг сайхан мэргэжил. Өөрийгөө жүжигчин болж чадахгүй гэж их голдог байсан. 11-р ангид байхад ХДТ-ын ерөнхий найруулагч Э.Дашзэвэгийн зохиол “Хайрын зурвас” жүжгийн уралдаанд оролцож байсан. Тэр үед “Би жүжиглэж чадах юм байна” гэж бодсон шүү.

-Бүжиглэхээс гадна жүжиглэх авьяас нь илэрчээ…

-7-12-р ангид дуу хөгжмийн Б.Отгондулам багш анги удирдсан багш байсан юм. Биднийг олон талаас нь хөгжүүлэхийг хичээдэг. Би бүжиглэхээс гадна ятга тоглож, хоорт дуулдаг байлаа. Нэг удаа багш “Чамд дуу хөгжмийн багш  илүү зохино” гэж хэлж байсан.  Багш    болох  сонирхолгүй би жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн маань энэ.

-ХДТ-ын бүжигчинээс жүжигчин болж драм ангид орох эхлэл хэзээ тавигдаж байсан бэ? 

-Бүжигчнээр орсны дараа аав, ээждээ хэлэлгүй драм ангид бэлдэж, шалгалт өгсөн юм. Би заавал жүжигчин болно гэж өөртөө зорилго тавиад зүтгэсээр байгаад тэнцсэн дээ. Мэргэжлийн урлагийн байгууллагад мэргэжлийн бус байж орно гэдэг том аз шүү. Мэргэжлийн хүмүүстэй зэрэгцээд ажиллахаар надад сурах зүйл их. Хичээхээс өөр ямар ч аргагүй байдаг.

-Тайзан дээр анх ямар дүр бүтээж байв. Сандарсан уу? 

 -ХДТ-д орж ирэхэд Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийг аймагт анх удаа орчин цагийн хэлбэрт олуулж, мюзикл хэлбэрээр тавьж байсан юм. Дүр хуваарлалт дээр Алимаагийн дүрийг бүтээж байлаа. Жүжгээ олон хоног бэлдэж байгаа ч гэсэн үгээ мартчих вий, дараагийн хөдөлгөөн юу билээ гээд л бодно. Мюзикл байсан болохоор студид ороод дуу бичүүлэхэд биеэ барьж, хоолой чичрэх гэх мэт их л сандарч байсан даа. Надад сэтгэлийн дэм өгдөг гэр бүл, хамт олон минь байдаг учир жүжиг бүрийн ард амжилттай гарч чаддаг. “Чи үүнээс илүүг хийж чадна” гэж хурцалдаг, дэмждэг хамт олондоо хайртай.

-Ямар дүр бүтээвэл өөрийн ур чадвараа бүрэн ашиглаж дайчилж чадна гэж боддог вэ?

-Жүжигчин бүрт л туйлын зорилго болсон дүр байдаг. Ихэнх эмэгтэй жүжигчид Жульетад тоглох юм сан гэж боддог юм шиг байна лээ. Харин би эсрэг талын дүр бүтээхийг хүсдэг. Илүү ур чадвар шаардана шүү дээ. Мэргэжлийн сургуульд нь сураад, эсрэг талын дүрүүд бүтээнэ гэж боддог. Сити их сургуульд ур чадварынхаа шалгалтыг өгч тэнцээд батламжаа авчихсан байгаа. Ирэх намраас сургуульдаа явна.

-Энэ жил хөл хорио тогтоож, үзвэр үйлчилгээг хаасан шүү дээ. Сошиал орчинд бүтээлүүд нь контент хэлбэрээ гарч байгаа харагдсан?

-Үзвэр үйлчилгээг хаасан ч гэсэн бид бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байна. Би драм гэхээсээ илүү бүжгийнхээ бэлтгэлийг түлхүү хийсэн. Хүмүүст театрын боловсрол соёлыг түгээхийн тулд контентийн ажил шахуу явж байна.

-Гэр бүлийнхэндээ цаг гаргаж чадаж байна уу?

-Цар тахалын улмаас гэр бүлийнхэнтэй илүү ойр байж чадаж байгаа. Хүүхдээ дөрвөн сартай байхад нь ажилдаа орж, түүнээс хойш аав ээждээ үлдээчихээд л гардаг байсан бол хөл хорионы үеэр хүүхдэдээ цаг гаргаж хамт байгаадаа баярлаж байгаа. Мөн тайзан дээр гарахгүй учраас контентоо хийчихээд өөрийгөө илүү хөгжүүлж, сонсож чадаж байгаа юм болов уу.

Сүүлд хоёр найруулагчийн жүжигт маш амжилттай тоглосон. Хэр удаан бэлтгэсэн бэ?          

-Манай хоёр найруулагч “Секс хийцгээе”, “Нууц хүсэл” хоёр жүжиг найруулж, хоёуланд нь тоглосон байгаа. Нууц хүсэл жүжигт тоглох нь гэнэтийн шийдвэр байсан л даа. Тоглолтын өмнөх өдөр тоглохоо мэдсэн. Нэг шөнө бэлдэж тоглосондоо өөрөөрөө бахархаж байсан. Найруулагч, хамт олныхоо итгэлийг алдаагүй болов уу.

-Дээрх хоёр жүжгийг үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Орон нутгийн театрын уран бүтээл, жүжиг тавихад үзэгч бага. Гэсэн ч театрын уран бүтээлчдээ хүндэлж бүтээл бүрийг шимтэн үздэг үзэгчид олон бий. Бүгд л сүүлийн уран бүтээлийг их таашаалтай хүлээж авсан. Би бодохдоо, театрын боловсрол болон соёлтой үзэгч байхыг цэцэрлэгээс нь бэлдээсээ гэж хүсдэг. Бид үзэгчээсээ таашаал, урам зориг авдаг учраас танхим дүүрэн үзэгчтэй байх маш сайхан мэдрэмж.

-Залуу хүний хувьд зорьж байгаа дараагийн эрхэм зорилго нь юу вэ?

-Жүжигчин мэргэжлээр суралцах нь миний эхний зорилго. Мэргэжлийн багш нараар нь хичээл заалгахаар өөр байх. Сургуулиа төгсөж ирээд театрдаа ажиллана. Ажлын гараа эхэлсэн учраас их дасжээ.

Ярилсан. сэтгүүлч: Б.Нямдорж