2024-04-25

Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл манай аймагт хэрэгжинэ

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Дэлхийн банк, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран хэрэгжүүлэх “Монгол улсад нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь” хоёр дахь шатны төсөлд Өвөрхангай аймаг хамрагдана.

Өчигдөр төслийн нээлтийн уулзалт цахимаар зохион байгуулагдлаа. Тус уузалтад аймгийн Засаг даргын орлогч С.Ундрахаар ахлуулсан холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Тус төсөл нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсвийн төлөвлөлт, хуваарилалт, хэрэгжилтийн байдал, бодлого боловсруулах үйл явц дахь иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэх юм.