2024-07-27

Өвөрхангай аймаг бахархах түүхтэй, бахархах хүмүүстэй юм гэдгийг л ойлгуулахыг зорьж байна

“Өвөрхангайн бахархал” төслийн гүйцэтгэх захирал О.Батсүрэн:

Өвөрхангай аймаг бахархах түүхтэй, бахархах хүмүүстэй юм гэдгийг л ойлгуулахыг зорьж байна

Сайн байна уу, Өвөрхангайн бахархал төслийн талаар яриагаа эхлэе?

Өвөрхангай аймгаасаа төрөн гарсан алдар гавьяатай нэр бүхий хүмүүсийг алдаршуулах, аймгийн онцлог биет болон биет бус өвийг сурталчлах, ирээдүй хойч үедээ өвлүүлэхэд зорилготой “Өвөрхангайн бахархал” төслийг анх Арвайхээр сумын НАМЭХ-ны дарга, Арвайхээр сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Ариунзаяа санаачилж байсан юм.

Энэ хугацаанд гурван дэд төслийг хэрэгжүүлсэн байдаг. Анхны төсөл нь БНМАУ-ын баатар Л.Аюушийг алдаршуулах зорилготой байсан. Энэ үеэр Л.Аюуш баатрын амьдралаар сэдэвлэсэн “Гуулин ээмэг” түүхэн бэсрэг роман номыг хэвлүүлж, аймгийн ХДТ-т драмын жүжиг тавьж байв. Мөн ЕБС-ийн сурагчдын дунд эрдэм шинжилгээний хурал, эсээ бичлэгийн уралдаан, уран илтгэлийн тэмцээн гэх мэтчилэн үйл ажиллагааг зохион байгуулж байсан.

Хоёр дахь дэд төслийн хүрээнд залуу уран бүтээлчид нэгдэж, “Бидний авьяас-Бидний бахархал”тоглолтоо 19 суманд зохион байгуулж, биет болон биет бус соёлын өвийг олон нийтэд сурталчилж, түүнээс олсон орлогоор сумдад соёлын салбарт хандивлаж байсан юм. Харин гурав дахь дэд төслөөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, төрийн шагналт, нэрт зохиолч  Ч.Ойдов гуайг алдаршуулж, түүний зохиол “Далан худалч” жүжгийг орчин үеийн төрөл жанрт оруулан тайзнаа амилуулж байв. Мөн зохиогчийн бүтээлээр гурван боть ном хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон. Дөрвөн жилийн хугацаанд энэ гурван томоохон ажлын хийж хэрэгжүүлсэн байдаг юм.

Төслийг шинэчлэн, шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа гэсэн. Ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

Төслийн баг шинэчлэгдэж, миний бие гүйцэтгэх захиралаар ажиллаж эхэллээ. Төслийн удирдах зөвлөлд яруу найрагч Ө.Өсөх-Эрдэнэ, Ц.Моломжамц зэрэг таван хүн байгаа. Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90 жил ойг тохиолдуулан хоёр дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өвөрхангайчууд бидний бахархал болсон Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдрал, үйл хэрэг, төрд оруулсан алдар гавьяаг хойч үе, хүүхэд залууст таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор түүхэн жүжиг тавьж, ном зохиол бичихээр төлөвлөж байна. Хоёр дахь ажил нь гэвэл Байтаг Богдын мөргөлдөөнд амьд үлдсэн гурван хүний нэг болох Богд сумын харьяат Гончигзэгвэ гуайг алдаршуулах төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлээд байна.

Төслийнхөө хүрээнд байгууллага, хувь хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа юу?

Хэрэгжүүлсэн гурван төсөл маань Өвөрхангайн аймгийн бүх л төрийн албан хаагч болон олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа болж өрнөсөн. Сонгож авсан хүмүүсээ аймаг төдийгүй улс орон даяар алдаршуулахыг зорьж ажилладаг. “Өвөрхангайн бахархал” төслийнхөө дүрэм, журмыг баталж, төлөвлөгөөгөө гаргаж, хувь хүмүүс, албан байгууллагуудад танилцуулж байна. Өвөрхангай аймаг бахархах түүхтэй, бахархах хүмүүстэй юм гэдгийг л ард иргэд, залууст түүчээлэн хүргэхээр ажиллаж байна.

Цахим орчинд “Бахархал ба мэдлэг” гэсэн контент цацагдаж эхэлсэн байна. Өвөрхангай аймгийн сүлд, далбааны онцлогийг танилцуулсан эхний контент үр өгөөжтэй санагдсан. Дараагийн контент нь ямар сэдвээр байх вэ?

Танин мэдэхүйн цуврал контентийн анхны дугаараа цацахад цахим хэрэглэгчид маань сайнаар хүлээж авлаа. Өвөрхангай аймгийн түүхт 90 жил тохиож байгаатай холбогдуулан хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй сэдвээр есөн контентийг хийхээр төлөвлөөд байна. Хоёр дахь контентоо Арвайхээр хотын үүсэл хөгжил болон Арвагархээр морины түүхээр сэдэвлэсэн. Удахгүй цахим сүлжээнд нийтлэгдэнэ.

Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.