2024-05-08

Отроор яваа малчдад дэмжлэг хамгийн чухал

Өвөрхангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь гандуу байгаагаас шалтгаалж малчдын отор нүүдэл одоо ч үргэлжилсээр байгаа юм. Тэр дундаа говийн сумдын нутгаар зун болоогүй “өнжсөн” гэж хэлж болно.

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр малчид өвөлжилтийн асуудал, мал мах борлуулалт үнийн бодлого барих тухай, бэлчээрийн менежментийг сайжруулах талаар санал тавьжээ.

Төгрөг сумаас одоогийн байдлаар 40 гаруй өрх Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймаг руу нүүсэн байна. Гучин-Ус, Богд сумын малчид ч мөн адил дээрх аймгууд руу отор нүүдлээр явсан байна.

Малчдын зүгээс гол хэлж байгаа асуудал нь малын вакцинжуулалт ялангуяа шүлхийн вакцинд хамруулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байгааг хэлж байна. Тарга хүч муутай мал халдвар авахдаа амархан байдаг учраас ялангуяа зүүн тийш оторт явах айлуудын малыг зайлшгүй вакцинд хамруулах шаардлага байгаа гэсэн. Өвлийг хохирол багатай давах, отор нүүдэл, өвс тэжээлд хэрэгтэй мөнгө олохын тулд малаа арилжиж хэр чинээндээ таарсан цөөн тоотой малаа авч үлдэх нь зөв гэж байгаа ч сүүлийн үед эр ямаанаас бусдыг нь борлуулах боломж олдохгүй, ханш муу 50-80 мянгад л авч өгч байгаа аж. Тиймээс мал, мах борлуулахад дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байан.үлдсэн өрхөд өвс тэжээл хямд үнээр өгөх талаар яг одооноос хөөцөлдөх, оторт явсан айл өрх бүрийн араас төрийн албаныхан байнга анхаарал тавьж, эрүүл мэндийн тусламж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байх, оторт явсан айлын хүүхдүүдэд багш нар онцгой анхаарал тавих нь чухал.