2024-05-06

Тарваганы мах идсэн гэх гурван иргэн гэдэсний нянгаар өвчилжээ

Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч, гурван иргэнийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байсан. Дээрх иргэдийн шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулахад хариу сөрөг гарсан бөгөөд тухай иргэд гэдэсний нянгаар өвчилсөн байна.

Аймгийн Онцгой комисс хуралдаж, Богд суманд тогтоосон хөл хориог цуцалж, цаашид тарваган тахлын өвчлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэх даалгаварыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тус суманд тарваганы мах худалдсан, агнасан гэх зөрчлийг гаргасан иргэнийг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд байгааг сумын Засаг дарга Ч.Чинзориг хэллээ.