2024-04-28

Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг орон нутгийн иргэдэд олгож эхэллээ

Өвөрхангай аймагт ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгох шийдвэр амжилттай хэрэгжиж байна.

Одоогоор ипотекийн зээл хүссэн 17 иргэний 1.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр шийдэгдээд байгаа бол эх үүсвэр нь хүлээгдэж байгаа 110 иргэний 10.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт байна. 2023 он гарсаар 122 иргэнд 10.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд орон нутагт олгох ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгон бууруулсан. Тодруулбал, ипотекийн зээлийн гэрээг 6 хувийн хүүтэйгээр байгуулах ч эхний гурван жилд 50 хувийг нь Засгийн газраас татаас хэлбэрээр олгох юм.

Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд тухайн орон нутагт амьдарч байгаа болон Улаанбаатар хотоос шилжин очиж байгаа иргэд хамрагдах боломжтой. Орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн дээд хэмжээ 100 сая байсныг Монголбанкны эх үүсвэрээр 150 сая болгон нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангаас урьдчилгаа төлбөрийг 60 хүртэлх хувиар гаргаж байгаа юм. Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй уялдуулан ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болгосон аж.