2024-04-27

“Өсвөрийн аврагч 2023” бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймаг дэд байр эзэллээ

“Өсвөрийн аврагч 2023” өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээн Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулагдаж, Өвөрхангай аймгийн н.Баттогтох ахлагчтай “Шунхлай” бүлгэм хоёрдугаар байрт шалгарсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой уг тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн аврагч бүлгэм оролцжээ.

Тэмцээнд оролцогчид хээрийн нөхцөлд хоёр хоногийн хугацаанд тусгайлан бэлдсэн хотхонд байрлаж, өөрсдийн тэсвэр хатуужлыг сорьж, цэргийн болоод аврагчийн ажлын онцлог, ур чадварыг эзэмшсэн юм.