2024-05-03

Голуудын усны түвшин 10-163 см-ээр нэмэгдэж, үерийн байдалтай байна

Баяр наадмын өдрүүдээр үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин 10-163 см-ээр эрс нэмэгдэж, аюултай нөхцөлд байгааг аймгийн ОБГ, УЦУОША-аас мэдээлж байна.

Хангай нурууны зүүн хойд талаас эхтэй Орхон голын усны түвшин Бат-Өлзий сумын орчимд аюултай түвшнээс 33 см, Хархорин сумын орчимд 175 см, Хөгшин-Орхон гол Хархорин сумын орчимд  аюултай түвшнээс 31 см давж үерлэж байна. Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга сумын орчимд аюултай түвшнээс 11 см, Арвайхээр сумын орчимд 15 см давж үерлэж байгаа аж.

Мөн Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин Нарийнтээл сумын орчимд 17 см давж үерлэж байгаа бол Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол Өлзийт сум орчимд аюултай түвшинд хүрч үерлэж байна.

Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо дахин орох тул жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин дахин нэмэгдэж, богино хугацаанд үерийн хэмжээ ихсэх магадлалтай гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.