2024-05-03

Аймгийн баяр наадмаар хурц арслан, аймгийн заан, аймгийн начин цолтон төрлөө

Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадамд хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, аймгийн хурц арслан, заан, начингууд төрлөө.

Тодруулбал, Богд сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Х.Энхчулуун түрүүлж аймгийн хурц арслан цол, Бат-Өлзий сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээ, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх, аймгийн харцага Т.Идэрдорж үзүүрлэж, аймгийн заан цолтон боллоо.

Начны болзлыг Баянгол сумын харьяат “Их монголын хүчтэн дэвжээ, “Аврагч спорт хороо”-ны бөх, сумын заан Б.Ширмэн, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ нар шөвгөрч хангав.

Өсвөрийн 32 бөх барилдсанаас Уянга сумын Э.Бямбахишиг түрүүлж, Бат-Өлзий сумын М.Ганбаяр үзүүрлэлээ. Авзагын хүчтэн бөхийн холбооны өсвөрийн бөх А.Цамба, Хархорин сумын Д.Ган-Эрдэнэ нар шөвгөрөн наадамчин олныг цэнгүүллээ.