2024-05-05

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг Арвайхээрт нээлээ

Төрийн 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хурдан, шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Арвайхээр сум дахь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нээлээ.

Үүнтэй холбогдуулан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн цахим үйлчилгээний оператор бэлтгэх, чадавхжуулах сургалтыг Арвайхээрт зохион байгуулсан юм. 2023 онд “Хурдан” цэгийн үйлчилгээг өртгөтгөж, 55 байгууллагын 790 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүргэхээр төлөвлөсөн байна.

E-Mongolia цахим системээр төрийн 700 гаруй үйлчилгээг хүргэж байгаа ч нийт иргэдийн  43.3 хувь нь дээрх үйлчилгээг цахимаар авах мэдлэг, чадавхтай байна хэмээн үзсэний үндсэн дээр төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгийг нийслэл, 21 аймгийн хэмжээнд, мөн хилийн чанадад  504 байршилд нээж байгааг ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл хэллээ.