2024-05-03

Арилжааны банкууд хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг нээлттэй танилцууллаа

Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд болон ХХҮГ, ХХААГ-аас иргэн, аж ахуйн нэгжид олгож буй төслийн, бизнесийн, ипотекийн зээлийг танилцуулах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус аймагт Монгол банкны хэлтэс болон ХААН, Хас, Голомт, Төрийн банкны салбар, 48 тооцооны төв, нэг касс, 297 ажилтантайгаар банк, санхүүгийн үйл ажиллагааг явуулж байна. 2022 оны байдлаар аймаг дахь банкны нэгжүүдэд төлбөрийн карт эзэмшигч 91142, мобайл банкны хэрэглэгч 48092, интернэт банк хэрэглэгч 49587, тэтгэвэр авагч 18889, хүүхдийн мөнгө авагч 44498 байна.


Банкууд хэрэглээний зээлээс гадна хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн багц зээл, ногоон зээл, аялал жуулчлалын салбарыг дэмжих зээл гэхчлэн шинэ төсөл хөтөлбөрүүд энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа аж.

Аймгийн ХХҮГ-аас хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 сая, нөхөрлөл, хоршоонд 25 сая, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50 сая хүртэлх төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг 36 сарын хугацаатай олгодог бөгөөд шаардагдах материал, журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн ХХААГ-аас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан юм.