2024-04-26

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохиог суурилууллаа

Аймгийн Хараагүйчүүдийн холбооны санал хүсэлтийн дагуу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохиог Арвайхээр хотын замын хөдөлгөөн ихтэй дөрвөн уулзвар, 14 цэгт суурилууллаа.

“Аймгийн хэмжээнд харааны бэрхшээлтэй 400 гаруй иргэн байдгаас Арвайхээрт 130 орчим иргэн амьдарч байна. Эдгээр иргэд замаар нэвтрэн гарахдаа гэрлэн дохио харахгүйгээс болж хөдөлгөөнд саад учруулах, өөрсдөө гэмтэж бэртэх асуудал гардаг учраас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлэн ийнхүү 14 дуут гэрлэн дохиог суурилуулаад байгаа юм.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих орчны хүртээмжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй бага насны хүүхдүүд, ахмад настнуудад замаар аюулгүй нэвтрэн гарахад нь тус дэм болно гэж бодож байна” хэмээн аймгийн Засаг дарга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус зөвлөлийн дарга А.Ишдорж хэлэв.