2024-04-25

Хүүхэд хамгаалалд төрийн байгууллагуудын оролцоо сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Хууль хяналтын байгууллагууд “Хүүхэд хамгаалалд төрийн байгууллагуудын оролцоо” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт 17 байгууллага оролцож, хүүхдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, гомдол мэдээлэл хүлээн авах, хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүүхэд хохирсон болон оролцсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэрэг Өвөрхангай аймагт 6 бүртгэгдсэн бол гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 20 байна. Хүүхдүүд ихэвчлэн хулгай хийх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах зэргээр гэмт хэрэгт холбогддог бол хүчиндэх төрлийн гэмт хэрэгт хохирох явдал их байгааг албаныхан онцоллоо.

Эцэг, эхийн хараа хяналт муу, гэр бүлийн орчин нөхцөл тааламжгүй, үр хүүхдээ зөвөөр үлгэрлэж, хүмүүжүүлдэггүй, үе тэнгийнхний дарамт их, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагуудын оролцоо хангалтгүй зэрэг шалтгаанаас хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчил өсч байна.