2024-04-26

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, зорилтот жилийн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэх, өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бүрдүүлэлттэй газар дээр нь танилцах зорилгоор 19 сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг оролцуулсан зөвлөгөөнийг Хужирт суманд зохион байгуулж байна.

Цаг уур гэнэт хүйтэрч, цас их унавал мал аж ахуйн салбарт хүндрэл учирдагийг өмнөх жилүүдийн өвөлжилт анхааруулаад авсан.  Тиймээс хадлан тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, малын гоц халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, газрын хөрс чийг ихтэй байгаагаас мал доороосоо хайргадах, жиндэх магадлалтай тул хөрзөн бууцаа сийрүүлж хатаах зэрэг олон ажлыг сум, баг, айл өрхүүдийн түвшинд хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.