2024-04-26

Хууль бусаар тарвага агнасан долоон зөрчлийг илрүүлжээ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумдын Байгаль орчны байцаагчид хамтран тарваган тахал өвчин, хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулж байна.

Хууль бусаар тарвага агнасан долоон зөрчлийг илрүүлж, таван иргэнд 750 мянган төгрөгийн торгууль оногдуулан байгаль орчинд учирсан хохирлын 1.7 сая төгрөгийг нөхөн төлүүлж, долоон калибр бууг хураасан ба 11 тарвагны нойтон махыг шинжлүүлэхээр шилжүүлжээ.

Хайрхандулаан, Арвайхээр, Уянга, Тарагт, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сум тарваган тахлын идэвхитэй голомттой бөгөөд  эдгээр сумдын 4 мянган иргэнд тахлаас сэргийлэх вакцинд хамруулж эхлээд байна.

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол Улсын хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон. Мөн Засгийн газрын тогтоолоор нэг ширхэг эр тарвагыг 170.000 төгрөг, эм тарвагыг 200.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд хууль бусаар агнасан, худалдсан, худалдан авсан тохиолдолд хоёр дахин нугалж төлүүлэхээр заажээ.