2024-04-26

ТАТАН БУУГДСАН БОЛОН ХУВЬЧЛАГДСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАЛИНГИЙН БАРИМТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

Өчигдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Төрийн архивын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний талаар” хэлэлцэж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.

Мэдээллийн эрэлт хэрэгцээ өндөртэй лавлагаа мэдээлэлд ихээр ашиглагддаг татан буугдсан, хувьчлагдсан байгууллагын цалингийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардагдах техник хэрэгсэл, ажиллах хүчний цалингийн зардлыг орон нутгаас шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд 55 байгууллагын 1367 хадгаламжийн нэгж, 200317 хуудас цалингийн баримтыг цахим хэлбэрт оруулах юм. Дээрх цалингийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд явдал, чирэгдэлгүйгээр өөрт хэрэгцээтэй лавлагаа, хуулбарыг цахимаар авах боломж бүрдэнэ.

Төрийн архив нь Монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт баримтыг хадгалж, хамгаалан, өнгөрснийг одоотой, одоог ирээдүйтэй холбодог.

Аймгийн архивын хадгаламжийн санд 178 хөмрөг үүсгэгч байгууллагын 59220 хадгаламжийн нэгж болон тусгай төрлийн баримтууд хадгалагдаж лавлагаа мэдээлэлд ашиглагдаж байна.

Иймд баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч Төрийн архивын зориулалтын байртай болох асуудлыг аймаг, орон нутгаас уйгагүй хөөцөлдөж байна.