2024-05-02

“Сэмжид Хужирт” сувилалд амарсан иргэдээс корона вирусийн халдвар илэрч байна

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна.

Улмаар 3 дугаар сарын 22-ны өдөр 16:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ЭМГ-аас Дархан-Уул аймгийн ЭМГ-т мэдээлэл өгсний дагуу тус сувилалд амраад Дархан-Уул аймагруу буцсан 17 иргэнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авахад эхний гурван иргэний шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвар илэрсэн байна.

Өнөөдрийн 21.00 цагийн байдлаар ойрын буюу дам хавьтлыг бүртгэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 12 иргэний шинжилгээ эерэг гарлаа.

Мөн тус сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлын нийт 296 иргэний PCR-ийн шинжилгээг авч ХӨСҮТ-рүү болон аймгийн БОЭТ-д илгээх ажлыг зохион байгуулж байна.

Эрсдэлтэй хугацаанд /3 дугаар сарын 01-нээс хойш/ тус сувилалд амраад буцсан 125 иргэний хаягийн дагуу Улаанбаатар хот, 12 аймаг, өөрийн аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдад шуурхай мэдээлэн ажилласан байна. Тус сувилалд 3-дугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймгаас ирж амраад буцсан 4 иргэний PCR шинжилгээ батлагдсан нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.