2024-04-26

Өвөрхангай аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Улаанбаатар хотоос 3 дугаар сарын 6-ны өдөр Арвайхээр хотод ирээд 8-ны өдөр буцсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос аймгийн төв Арвайхээр сумаас гарах болон орох хөдөлгөөнийг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл, хот хоорондын орох гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 20-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарласан юм. Харин эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэн, буяны үйл ажиллагаа, хүнс, шатахуун, түлээ, малын тэжээлийн тээврээс бусад хөдөлгөөнийг дээрх хугацаанд нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотой аймгийн төвийг тойрсон 14 хяналтын постон дээр мэргэжлийн анги байгууллагын 40 гаруй алба хаагчид ажиллаж байна.  

Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 13 хүнийг илрүүлж, тусгаарлах байранд байрлуулж, PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү явуулсан бөгөөд Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын танхимын давтлага, төв барааны зах, худалдааны төвүүд, такси үйлчилгээ, спорт заал, фитнесс, усан бассейн, үсчин, гоо сайхан, гандан хийд, хоолны газар, ресторан, зэргийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хориглоод байна.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг шуурхай тогтоож, тандалт шинжилгээнд хамруулах ажлууд хийгдэж байна .

Аймгийн Онцгой комиссоос нөхцөл байдалтай холбоотой дараа дараагийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд гарсан шийдвэрүүдийг тухай бүр мэдээлнэ.