2024-04-27

Өвөрхангай аймгийн шилдэг агентлагууд шалгарлаа

Жил бүрийн сар шинийн босгон дээр тэргүүний байгууллага, аварга ажилчдыг шалгаруулдаг уламжлалтай. 2020 онд аймгийн тэргүүний агентлагаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар шалгаран, өнөөдөр шагналаа гардан авлаа.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандааД.Одонбаяр:

-2020 он Онцгой байдлын газрын хувьд ажил ихтэй жил өнгөрсөн байх. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ямар ажлуудыг хийсэн бэ?

-Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын хийж бүтээсэн, корона вирусийн цар тахлын үед ажилласан хөдөлмөрийг үнэлж, тэргүүний байгууллагаар шалгаруулсанд баяртай байна. Өнгөрсөн онд манай байгууллага завгүй ажиллаа. Цар тахлыг аймагт оруулахгүй байж, бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацаанд бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж ирлээ. Одоо ч гэсэн иргэдээ Улаанбаатар хотоос татан авч, хяналтын цэгүүддээ ажиллаж байна. 212 хүний амь нас, төрийн болон төрийн бус өмчийн нэг тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан сайхан мэдээтэй.

-Энэ онд Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн онцгой байдлыг газрын зүгээс ямар зорилт дэвшүүлэн ажиллах вэ?

-2021 онд Онцгой байдлын ерөнхий газрын хэмжээнд хоёр, аймгийн онцгой байдлын газраас нэг зорилт дэвшүүлсэн байгаа. Нэгдүгээрт, албаныбэлтгэл бэлэн байдал машин техник, тоног төхөөрөмжийг сайжруулах. Хоёрдугаарт, дэвшилтэт техник технологи цахим орчныг нэвтрүүлэх зорилт юм. Аймгийн онцгой байдлын газраас алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил хариуцах чадварыг дээшлүүлэх гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Ганбат:

-2020 оныг цагдаагийн газар ямар амжилт бүтээлтэйгээр үдсэн бэ. Цар тахлын энэ цаг үед бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж байгаа шүү дээ?

-Өнгөрч байгаа 2020 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Цар тахлын энэ үед бусад байгууллагуудтай нэгдсэн зохион байгуулалттайгаар ажилласан. Үүний үр дүнд Өвөрхангай аймгийн хэмжээндцар тахал гараагүй, ногоон бүс хэвээр байна. Хамтран ажиллаж байгаа аймгийн онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын ажлын үр дүн.

-Гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос буурсан уу?                                                       

-Бид гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд нийт гарсан гэмт хэргийг 35.2 хувиар бууруулж ажилласан. Энэ нь хэдий цар тахал, хөл хориотой холбоотой ч, сүүлийн дөрөн жил явуулсан “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийн үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Ирж буй үхэр жилдээ Өвөрхангай аймгийн ард иргэд аюулгүй, амар тайван орчинд амьдрахын төлөө, бид бүгд сэтгэл нийлж ажиллана. Бүгдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга: Д.Шивааннүрдэв

-Өнгөрсөн он эрүүл мэндийн салбарын хувьд шинэ сорилт бүхий жил боллоо. Цар тахал эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн 2020 онд Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн 48 үзүүлэлт бүхий эмнэлэгийн тусламж үйлчилгээг 95 хувийн эерэг үзүүлэлттэй болгож, ажиллаа. 2020 онд Аймгийн үндсэн чиглэл болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн засаг дарга, Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээний биелэлтүүдийг хангалттай сайн биелүүлсэн. Эрүүл мэндийн яамнаас “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяныг зохион явуулсан. Энэ аянд манай аймаг амжилттай ажиллаж, улсын хэмжээнд 3-р байрт шалгарсан байгаа. Энэ бүрэн эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөр юм. Цар тахлыг аймагтаа оруулахгүйн тулд бусад тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллаа.