2024-04-27

Аймгийн Тэргүүний байгууллага, Аварга ажилтныг шагналаа

2020 ондоо ажлын амжилт, үр дүн, тогтвортой амжилтуудыг үндсэлэн аймгийн “Тэргүүний байгууллага”, “Аварга ажилтан”-ыг шалгаруулан, өнөөдөр шагнаж урамшууллаа.

2020 оны аймгийн Тэргүүний байгууллагаар Ерөнхий боловсролын лаборатори Мэргэд сургууль, Хархорин сумын “Жи Эн Эф” ХХК, Арвайхээр сумын “Болор-Өрөг” ХХК тус тус шалгарлаа.

2020 оны аймгийн “Аварга ажилтан”-аар Онцгой байдлын газын Эрэн хайх, аврах албаны дарга, хошууч Г.Ганбаатар, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч, Цагдаагийн ахлах дэслэгч Л.Түвшинбаатар, Баянгол сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат, Арвайхээр сумын савхин эдлэл үйлдвэрлэлийн “Хадганхээ” ХХК-ийн захирал Л.Батсүх, Арвайхээр сумын сийлбэр эдлэл үйлдвэрлэлийн “Чамин угалз” ХХК-ийн захирал Г.Амирдаабазар, Төгрөг сумын зөөврийн сууц, малын зөөврийн хашаа үйлдвэрлэлийн “Сүүн төгрөг” ХХК-ийн захирал Х. Рэнцэндорж, Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С. Оюунчимэг, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хөгжмийн багш Б.Отгондулам, БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нярайн сувилагч Л.Цолмон,“Чинмэнд” эмнэлгийн Дотор, эхо, гастроэнтерлогийн эмч, тасгийн эрхлэгч С.Орхонтуяа тус тус шалгарч шангалаа гардан авлаа.

Аймгийн Засаг дарга нийт аваргуудад баяр хүргэж үг хэлэхдээ “ 2020 онд дэлхий нийтийн хэмжээнд цар тахалтай тэмцэж, төрийн байгууллага, хувь хүний ажилд тодорхой хэмжээгээр саад бэрхшээл учирч буйг бид бүхэн мэдэрч байгаа. Гэсэн ч төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж чадсан та бүхэндээ баяр хүргэе. Тэр дундаа Өвөрхангай аймгийн 120 мянга гаруй иргэдийн эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллахын төлөө Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын нийт алба хаагчид цаг наргүй ажилласан. Цаашид ч мөн аймагаа ногоон бүс байлгахад хууль хүчний байгууллага, хувь хүн, иргэдийн үүрэг оролцоо хамгийн чухал. Бид ногоон бүсээ хадгалж чадвал төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой явах боломж нөхцөл бүрдэнэ” хэмээн хэллээ.