2024-05-03

Боловсролын салбараас аймгийн Тэргүүний байгууллага нэг, Аварга ажилтан хоёр тодорлоо

Сар шинийн босгон дээр тухайн жилдээ амжилт гарган ажилласан Тэргүүний байгууллага, Аварга ажилчдыг шалгаруулж шагнадаг уламжлалтай. Хулгана жилдээ амжилт гарган ажилласан Тэргүүний байгууллагаар Лаборатори Мэргэд сургуулийн хамт олон шалгарч шагналаа гардан авлаа. Мөн боловсролын салбараас аймгийн аварга ажилтанаар Арвайхээр сумын ЕБ-ын Нэгдүгээр сургуулийн хөгжмийн багш, БТА Б.Отгондулам, Арвайхээр сумын Улсын тэргүүний Гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгч, БТА С.Оюунчимэг нар шалгарч шагналаа гардан авлаа.

Салбарын хамт олноо манлайлж аймгийн Тэргүүний байгууллага, Аварга ажилтнаар шалгарсан эрхэмүүдэд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Улсын Тэргүүний лаборатори Мэргэд сургуулийн захирал Н.Норгимханд:

  • Юун түрүүнд аймгийн тэргүүний байгууллагаар шалгарсанд баяр хүргэе. Цар  тахлын хөл хорионы үед амжилттай ажиллаж, салбартаа манлайлан ажилласан үзүүлэлтийг тань үнэлсэн болов уу гэж харж байна…?
  • Баярлалаа. Өнөөдөр манай хамт олны хувьд баяртай үйл явдал тохиож байна. 2020 онд цаг үеийн нөхцөл байдал хүнд байж хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар бус цахимаар явагдаж багш нарын хувьд ажиллахад амаргүй байсан. Гэсэн ч бид сургуулийнхаа 1000 гаруй хүүхдэд зургаан сарын хугацаанд онлайн хичээлийг зааж, хөтөлбөр төлөвлөлтөө бүрэн биелүүллээ. Чанарын үнэлгээний шалгалтаар улсдаа амжилттай дүгнэгдсэн байгаа. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтаар 627 оноо авч, долоон хичээлээр аймагтаа тэргүүлж, улсдаа тэргүүлэх амжилт гаргасан. Олон улсын Эко сургуулийн “Алтан гэрэгэ” ногоон өргөмжлөлийг аймагтаа тэргүүлж авсан анхны байгууллага боллоо.
  • Энэ бүх амжилт багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааны үр дүн байх..?
  • Тэгэлгүй яахав, хөл хориотой сургуулийн үйл ажиллагаа танхимаар хичээлэх боломжгүй болсон хэдий ч манай багш нар онлайн хичээлийг цаг алдалгүй явуулж, эцэг эх, сурагчидтайгаа нягт уялдаатай ажилласаны үр дүнд дээрх олон олон амжилтыг гарган ажиллаж чадсан. Хамт олны минь хичээл зүтгэлийг үнэлж аймгийн тэргүүний байгууллагаар шалгарсандаа туйлийн баяртай байна. Нийт сургуулийн багш, эцэг эхчүүд та бүхэндээ 2020 оны амжилтаа улам бататгаж ирж байгаа үхэр жилдээ эрүүл энх сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

Арвайхээр сумын Улсын тэргүүний Гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгч, БТА С.Оюунчимэг

  • Үхэр жилийн босгон дээр аймгийн аварга ажилтнаар шалгарсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
  • Аймгийн Аварга ажилтнаар шалгарч, өнөөдөр шагналаа гардан авсандаа баяртай байна. Энэ шагнал дан ганц мийн шагнал биш, манай хамт олны шагнал юм аа. Манай байгууллага хулгана жилдээ маш олон бүтээлч ажлуудыг санаачлан хийсэн. Тухайбал, хүүхдүүдэд эко эрүүл хүнс, бүтээгдэхүүн хэрэглүүлэх, эко орчинд сурч хүмүүжих боломжийг хангах зорилгоор олон улсын хөрөнгө төслөөр олон талт арга хэмжээг зохион байгуулж ажилласан нь энэ амжилтын маань түүчээ болж байна.