2024-04-28

Өвөрхангай аймгийн Засаг даргаар А.Ишдоржийг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн батламжилснаар өнөөдөр аймгийн Засаг даргыг шинээр томиллоо. Өмнөх дөрвөн жилд аймгийн ИТХ-ын даргын үүрэгт албыг хашиж байсан А.Ишдорж ийнхүү аймгийн Засаг дарга болж байна.

Түүнийг аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж болон ЗДТГ-ын хэлтэс агентлагийн удирдлага, албан хаагчид хүлээн авч, тамга, тэмдгийг гардууллаа.  Энэ үеэр А.Ишдорж хэлэхдээ “Өвөлжилтийн бэлтгэл ажил, малын отор нүүдэл эхэлсэн цаг үед ажил хүлээн авч байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд зуншлага, намаржилт тааруу байсан учраас өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа. Одоогоор 1600 гаруй малчин өрх 13 аймгийн 140 орчим суманд отор нүүдэл хийгээд явж байна. Тийм учраас аймгуудын удирдлагуудтай холбогдож, отор нүүдлийн талаар хэлэлцээ, тохироог шуурхай хийх, төв суурин газрын өвөлжилт, агаарын бохирдлын асуудалд анхаарал тавих, аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, бусад баримт бичгүүдээ боловсруулж батлуулах гээд цаг хугацааны хувьд шахуу олон ажил хүлээгдэж байгаа. Өмнө нь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсны хувьд энэ цаг мөчөөс ажилдаа шуурхайлан ороход бэлэн байна” хэмээв.