2024-04-29

Аймгийн хэлтэс албадын дарга нарын шуурхай хуралдааныг зохион байгууллаа

Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурал өнөөдөр хуралдлаа. Хурлаар аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар иргэдийн санал, гомдолтой холбогдуулан үүрэг чиглэл өгөв.

ИТХ-ын дарга О.Пүрэвдорж орон нутагт шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан олон асуудал шил даран хүлээж байгаа учраас сумдын Засаг дарга нарыг батламжилж, ажилд нь яаралтай оруулах, мөн ИТХ-ын ээлжит хуралдааныг 12 дугаар сарын 1-нд хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа учраас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичгүүдийг нягт нямбай боловсруулан хуулийн хугацаанд нь өргөн барих зэрэг тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Засаг дарга А.Ишдорж цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөв. Тэрээр ажилдаа эзэн болж, хариуцлагатай хандаж байгаа хүн бүрийг дэмжин ажиллана. Ажил хойш нь тавьж, аргацаах төдий ажиллаж байгаа хүнтэй хамтарч ажиллах чадахгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд төрийн байгууллагыг хөнгөн шуурхай, идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллахыг сануулсан юм.

Мөн Өвөрхангай аймгийн үе үеийн удирдлагууд аймгийнхаа ажлыг нэр төртэй хийж, улсын хэмжээнд тэргүүлж ирсэн учраас тэрхүү чадварлаг баг, хамт олонтой гар нийлэн ажиллаж, тэргүүлэх түвшнээс буулгахгүй авч явна гэдгээ хэлэв.