2024-04-28

МОНГОЛ УЛСАД ЭМЗҮЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн Эм хангамжийн байгууллага, эм зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Өвөрхангай аймагт эм зүйн салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ойн баяр тохиож, баярын хурлаа хийлээ.

Хуралд аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны төлөөлөгчид, орон нутгийн эм зүйн салбарын хөгжлийн түүчээ болсон гурван үеийн төлөөлөл оролцов. Хурлаар улсын болоод аймгийн эм зүйн салбарын түүхэн хөгжил, ололт, амжилт, одоо цагийн хийж бүтээж буй ажлынхаа мэдээллийг танилцуулж, ахмад буурлууд дурсамжаа хуваалцлаа.

Түүнчлэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй, эм зүйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж явсан эмийн мэргэжилтнүүдийг шагнаж, алдаршуулсан юм.

Өвөрхангай аймагт тэртээ 1939 онд анхны эмийн сан байгуулагдаж, улсын эм бэлтгэх газраас багийн, сумын, гэрийн гэсэн гурван янзын эмийг бэлтгэн тарааж, ард иргэдэд үйлчилж байсан түүхтэй.

1990 онд эмийн сангуудын удирдах контор байгуулагдаж, 23 салбар эмийн сантай болон өргөжиж байсан бол өдгөө 4 эм ханган нийлүүлэх байгууллага, 64 эмийн сан, 100 гаруй эмийн мэргэжилтэн, ажилтантай болж хөгжсөн байна.