2024-04-25

МАЛЧДАДАА ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан хуралдаж, цаг үеийн нөхцөл байдал, сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, сумдын нөөцийн талаар мэдээлэл солилцлоо.

Аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга А.Ишдорж өөр аймаг орон нутагт отроор өвөлжиж байгаа малчин өрхөд 1 удаагийн мөнгөн тусламж, аймгийн дотроо өвөлжиж буй иргэд малчдад малын нэмэлт тэжээлийг хөнгөлөлттэй үнээр өгөх үүрэг даалгавар өглөө.Тодруулбал, 25 кг-тай багсармал тэжээлийг 10 мянган төгрөг, 40 кг-тай няцалсан улаан буудайг 25 мянган төгрөг, 40 кг-тай хорголжин тэжээлийг 30 мянган төгрөг, 5 кг-тай малын эрдэст долооцыг 5500, Малын тэжээлд нэмэлтээр хольж өгдөг олон найрлагат витамин 1 кг нь 15 мянган төгрөгөөр /100 кг тэжээлд 1 кг витаминыг холино/ тус тус тооцож, малчдад нийлүүлэхээр сумдад хуваарилаад байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 7 сум цас ихтэй байгаа юм. Түүнчлэн зуншлага муу гандуу байсан сумдаар цас ороогүй хар байгаа нь өвөлжилтийг бүх сумдад хүндрүүлж байна. Хуралд 19 сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн нар цахимаар холбогдож хамрагдсан юм.