2024-04-26

ШТС-ын нефть хадгалалтын савны хадгалах хугацаа дууссан, шатахуунд ус илэрсэн зэрэг зөрчил илэрчээ

Аймгийн хэмжээнд 76 шатахуун түгээх станц байгаагаас 22 нь Арвайхээр хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үндсэн 10 асуудал хэлэлцсэн бөгөөд ШТС-уудын байгаль орчин бохирдуулах эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцсэн юм.

Хяналт шалгалтаар ШТС-ын нефть хадгалалтын савны ашиглалтын хугацаа болон шатахууны хольцид үзлэг шалгалт хийхэд зарим ШТС-ын нефть хадгалалтын савны хадгалах хугацаа дууссан, эвдрэлтэй, шатахуунд ус илэрсэн гэх мэт зөрчил илэрсэн байна.  

Зөвлөлийн хурлаас илэрсэн зөрчлүүдийг арилгах, далд суурилагдсан саванд металл хийцийн оношилгоог тогтоосон хугацаанд хийлгэж, савыг тухай бүр цэвэрлүүлэх, талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.