2024-05-09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Өдөрлөгт аймгийн Засаг дарга А.Ишдорж оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулсан бөгөөд тэдэнд тохирсон суурь үйлчилгээ, дэд бүтцийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийг байгуулахаар хөөцөлдөж байгаагаа дуулгасан юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4257 иргэн байгаагаас 427 нь хүүхэд аж. Тэдгээрээс тогтмол ажлын байртай 151, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 90 иргэн байгаа юм.