2024-05-02

Зэвсэгт хүчний 256 ангийн алба хаагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа

Энэ онд олон тэгш ой тохиож байгаа билээ. Түүний нэг нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 100 жилийн ой юм.

Тус ангийн түүхт ойг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнан урамшууллаа.

Тэртээ 1921 онд Зүүн хязгаарын 5 дугаар морьт бригад нэртэйгээр анх байгуулагдсан тус анги 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1960-1980 оны их бүтээн байгуулалт, 2005 оноос эхлэн дэлхий дахины энхийг сахиулах ажиллагаанд офицер, ахлагч, цэрэг дайчдаа илгээж, олон зуун аавын хүүг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлсэн бахархам түүхтэй билээ.

Сүүлийн хоёр жилд цар тахлын хэмжээнд нүүрлэсэн аюулт халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нөр их ажилд томоохон хүч болон оролцож, аймгийн нийт иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалсанд аймгийн удирдлагууд талархал илэрхийлсэн юм.