2024-05-01

“ӨНДӨР ГЭГЭЭНИЙ СОЁЛЫН ӨВ” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ОНЛАЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Тус арга хэмжээ нь аймгийн Засаг даргын ивээл дор Өндөр гэгээний мэлмий гийсэн Есөнзүйл сумын нутагт жил бүр явагдах бөгөөд 2021 онд Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газраас Senger Agi Art галерей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулж байгаа ”Өндөр Гэгээний соёлын өв 2021” олон улсын онлайн наадамд өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон 21 аймаг, ОХУ, БНХАУ, Герман, Солонгос, Македон, Косово, Кипр улсын 100 гаруй уран бүтээлчид 300 гаруй бүтээлээр оролцоод байна.

Шилдэг бүтээлийн шалгаруулалтын онлайн үзэсгэлэнгээс алс холын АНУ д бүтээлээ туурвиж дэлхийн олон орны үзэгчдийн талархлыг хүлээсэн Монголын цаасан хайчилбарын томоохон төлөөлөл С.Төрбурамын бүтээл, Германы контемпорари уран бүтээлч, орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Марк Шмицийн бүтээл, Саха Якутын дэлхийд алдартай зааны ясан сийлбэрийн төлөөлөгч ОХУ-ын Саха Якут Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Амыдаев Василий Никалаевичын сийлбэр, ОХУ-ын зураачдын эвлэлийн гишүүд ОХУ-ын Саха Якут Улсын зураачид, Залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж байгаа Дэлхийн ТОП шилдэг 100 зураачийн нэг, Монгол Улсын Ардын зураач МУ-ын Төрийн соёрхолт До.Болдын бүтээлүүд, МУ-ын төрийн соёрхолт, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддоржийн уран баримал, МУСГЗ нэрт хошин шог зураач С.Цогтбаярын байгалийн үзэсгэлэнт зургууд,Монголын нэрт зураач С.Төгс-Оюуны бүтээлүүд, МУЭ-ийн ахмад зураач С.Алтангэрэлийн Отгонтэнгэр хайрханы тухай бүтээлүүд, ахмад уран бүтээлч Ё.Бадарчийн уран зураг, Баян Өлгий аймгийн уран хатгамал, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатарын усан будгийн гайхалтай ажлууд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж буй урлагийн бүтээлүүдтэй танилцах боломж олгож байна.

Шилдэг бүтээлийн шалгаруулалт 2021 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэл цахим орчинд зохион байгуулагдах бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийн шалгаруулалт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, олон улсын урлагийн фестивальд зориулсан соёлын наадам 07 дугаар сарын 14-18 хооронд Өндөр Гэгээний мэлмий гийсэн нутаг Есөнзүйл, Арвайхээр сумдад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.