2024-05-04

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж, орон нутгийнхаа нөхцөл байдалтай уялдуулж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.

2.Аймгийн нутаг, дэвсгэрийн хэмжээнд төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хязгаарлах үйл ажиллагааны горимыг хавсралтаар баталж, зөвшөөрөгдсөн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг өглөө 08:00 цагаас оройн 18:00 цаг байхаар тогтоолоо.

3.Эрүүл мэнд, буяны ажил, албан болон улирлын чанартай ажлаас бусдаар хот хооронд болон аймаг сум, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглов.

4.Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 хүртэл хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮН, ХУУЛИЙН

ЭТГЭЭДИЙН ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОРИМ

1.Төрийн байгууллагын хязгаарлах үйл ажиллагаа

1.1 Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, Шүүх, Прокурор (нийт ажилтан албан хаагчийн 30 хүртэл хувийг ажлын байран дээр нь ажиллуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа хязгаарлалтад хамаарахгүй)

1.2 Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга зохион байгуулах

2.Хуулийн этгээдийн хязгаарлах үйл ажиллагаа

2.1 Бүх төрлийн баар

2.2 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)

2.3 Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн сүлжээний уулзалт, сургалт (цахимаар зөвшөөрөх)

2.4 Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүд тэгш өдөр тэгш дугаартай лангуу түрээслэгч, сондгой өдөр сондгой дугаартай лангуу түрээслэгч ажиллахаар зохицуулалт хийж, халдвар хамгааллын дэглэм баримталж ажиллана.

2.5 Сургалтын төв, цахим, автомат тоглоомын газар, бүх төрлийн тоглоомын төв

2.6 Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ (кино театр, музей, номын сан, урлагийн тоглолт)

2.7 Спорт заал, алжаал тайлах (иог, бясалгал, бариа засал) чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд

2.8 Гоо сайхан, маникюр, педикюр, саун, бассейн, нийтийн халуун ус

2.9 Зочид буудал, дэн буудал

2.10 Амралт, жуулчны газар

2.11 Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

2.12 Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбайн үйл ажиллагаа

2.13 Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб

2.14 Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

3.Хүний үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалт

3.1 Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт хийх

3.2 Цахилгаан шатанд 3-аас илүү хүн суух

3.3 Айлд зочлох, зочин урих

3.4 Оршуулгын ажилд оролцох (нэг ажилд 8 хүртэл автомашин, 20 хүртэл иргэнийг зөвшөөрнө)

3.5 Жагсаал цуглаан зохион байгуулах, оролцох

3.6 Эрүүл мэнд, буяны ажил, албан болон улирлын чанартай ажлаас бусдаар хот хооронд болон аймаг сум, сум хооронд зорчих

3.7 Хуулийн этгээдийн хязгаарласан үйлчилгээг авах

Энэхүү захирамжаар хязгаарлагдаагүй бусад үйлчилгээнүүд 08.00-18.00 цагийн хооронд ажиллана. Барилга угсралт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллана.