2024-04-25

“Өвөрхангайд үйлдвэрлэв” төв нийт 16 нэр төрлийн 500 гаруй бүтээгдэхүүнийг худалдаалж байна

Арвайхээр хотод “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн нийт 210 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр барьж, өмнөх оны 8 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагаагаа нээсэн.

            Тус төв одоогийн байдлаар 93 харилцагчтай, үүнээс 13 аж ахуйн нэгж, байгууллага, 19 хоршоо, 61 өрхийн үйлдвэрлэгчийн 16 нэр төрлийн 500 гаруй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн хагас жилийн хугацаанд 60 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Өвөрхангай аймгийн ХАҮТ-ын захирал Б.Ууганбаяр “Цаашид төвийн үйл ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх, онлайн дэлгүүр, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг шат дараатай нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийн үйл ажиллагааг нэгдмэл байлгахын тулд аймгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тэмдэг болохуйц утга агуулгатай лого шалгаруулах уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулж, 117 бүтээлээс нэг бүтээлийг шалгаруулан орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашиглаж байна.