2024-05-03

Алсын оторт явсан малчдаа эргэх ажил зохион байгуулагдаж байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар хамтран Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн сумдад отроор өвөлжиж байгаа малчдаа эргэх, Дэлхийн банкны санхүүжилтээр малчин өрх бүрт олгож буй хүчит тэжээлийг хүргэх, тухайн аймаг сумдын удирдлагуудтай уулзах ажлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн 1900 гаруй малчин өрх алсын оторт явсан бөгөөд 170 гаруй малчин өрх Өмнөговь аймагт,  Дундговь аймагт 145 өрх отроор өвөлжиж байна. Богд, Гучин-Ус, Сант, Баянгол, Тарагт, Төгрөг сумдын малчид тус аймгуудад оторлож байгаа юм.

Малчдын дийлэнх нь намар эрт нутгаас гарч 300-500 км явж ирсэн. Манай говийн сумдыг бодвол зун бага ч бол бороо орсны хүчинд малын хоолтой байсан ч 12 дугаар сарын сүүлээс цаг агаар эрс хүйтэрсэн нь зун намартаа тарга сайн авч чадаагүй мал осгож малын хорогдол нэлээд гарч байгаа аж.

Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад өгч байгаа хүчит тэжээл цас ихтэй, цаг хүйтэн, бэлчээр муутай үед ядарсан малдаа хивэг, багсармал зэрэгтэй холиод бага багаар өгөхөд чухам шар тос л гэцгээж байна билээ. Нэг өрхөд 250 кг оногдож байгаа нь өвөл хаврын тарчигт том тус шүү хэмээн малчид маань талархаж байв.