2024-05-10

Говийн зургаан сумын малчдад үнэ төлбөргүй өвс олгож байна

Монгол Улсын Засгийн газраас Өвөрхангай аймагт хуваарилсан 400 тонн өвсийг өвөлжилт хүнд байгаа говийн 6 сумын малчдад үнэ төлбөргүй олгохоор аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн.

Хэрэв аймгийн нийт 16500 малчин өрхөд дээрх өвсийг хуваарилбал нэг боодлоос илүү ноогдохгүй юм. Тиймээс Баянгол, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Сант, Гучин-Ус сумын гурван мянга гаруй малчин өрхөд олгохоор болсон. Ингэснээр нэг өрхөд 5 боодол өвсийг үнэгүй олгож байна.

Үүний дагуу аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжираар ахлуулсан ажлын хэсэг Баянгол, Сант суманд ажиллалаа. Тус бүр 20 кг бүхий 20 мянган боодол өвсийг Өмнөговь аймгаас татаж авчрахад аймгийн төсвөөс 72 сая төгрөгийн зардал гарч байна. Өвсний чанарт малчид ам сайтай байсан ба амьдрал ахуйд нь ч томоохон дэмжлэг болж байгааг хэлж байв.