2024-05-11

Хамтын хүчээр алба хаагчаа байртай болгов

Аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, хувийн амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” уриалгыг дэвшүүлж, хандивын аяныг өрнүүлэн бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор орон байрны асуудлыг шийдвэрлэн өгч байгаа юм. Өнгөрсөн жил хоёр алба хаагч, нэг ахмад ажилтанд тус бүр 20 сая төгрөгийн барилгын материалын дэмжлэгийг үзүүлж, 57.6 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг барьж өгчээ.

Энэ удаад аймгийн Цагдаагийн газарт 9 дэх жилдээ үйлчлэгчээр ажиллаж буй хоёр хүүхдийн хамт амьдардаг Д.Үнэнбат бүсгүйд хамт олноос нь шинэ байшингийн түлхүүрийг гардуулав.

Сүүлийн үеийн шийдэл бүхий өрөө тасалгаатай, нам даралтын зуухаар халаалтыг шийдсэн, иж бүрэн тавилгатай амины сууцыг барьж өглөө.

Энэхүү сайн үйлсийн ажлыг бүтээхэд Н.Батхүү захиралтай “Хангамж Өргөө” ХХК, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, “Очирхурд” худалдааны төвийн захирал А.Гүнсэнсүрэн, “Говь-хангай мебель” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгч С.Батаа, Богд сумын иргэн Д.Батсуурь нар дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.