2024-05-04

БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский Өвөрхангай аймагт ажиллаж байна

Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Өвөрхангай аймагт ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Ноён Ийржи Бродскийн зүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, орон нутгийн нисэх буудлын шинэчлэлтийг хийх, мах, сүүний боловсруулах үйлдвэр барих, усны аж ахуйг хөгжүүлэх талаар санал тавьж байлаа. Тус улсын Засгийн газраас Хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд орон нутгийн жижиг төслийн санал хүлээн авч байгааг уулзалтын үеэр тодотгон хэлж, үүнд  Өвөрхангай аймгийн төр, төрийн бус байгууллагаас оролцох боломжтойг дуулгалаа.