2024-05-08

ЭЕШ-д БҮРТГҮҮЛСЭН СУРАГЧИД СУУДЛЫН ХУВААРИА ХЭВЛЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цахимаар олгож эхэлсэн талаар БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 1100 орчим хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан “Суудлын хуваарь” хуудсыг хэвлэн авах боломжтой юм. Хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа, “нэвтрэх хэсэг”-ийн дугаарыг нарийвчлан заасан байна.

Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтсүүдэд хүргүүлжээ.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ Бүртгэлийн хуудас, Суудлын хуваарь, Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/, Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигтэй ирэх шаардлагатайг санууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчид нь мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас