2024-05-02

ДЭЛХИЙН 28 УЛС ОРОНД НИЙТ 34,900 ОРЧИМ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БАТАЛГААЖЛАА

Нэг өдрийн дотор 86 хүн нас барсан нь Коронавирусын халдвар гарснаас хойших хамгийн их хохиролтой өдөр болж байна. Вирусын улмаас амь насаа алдсан хүний тоо 724 болж, дэлхийн 28 улс оронд нийт 34,900 орчим халдварын тохиолдол баталгаажлаа. Өнөөдрийг хүртэл хугацаанд нас барсан хүмүүс нь зөвхөн Хятадууд байсан, тэгвэл Хятадын Ухань хотноо 60 настай АНУ-ын иргэн нас баржээ. Мөн энэ өдөр Япон улсад анх удаа коронавирусын улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тархалт, нас барж буй хүний тоо хурдтай нэмэгдэхийн зэрэгцээ вирус гарснаас хойш өвдсөн ч гэлээ, биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарч буй тохиолдлын тоо 2300 орчим байна.

Жуулчдын хамгийн ихээр очих дуртай, тэр дундаа Хятад жуулчдын дунд ихээхэн эрэлттэй Тайланд улсад коронавирусын халдварын тохиолдол өнөөдөр 7-оор нэмэгдэж, нийт 32 тохиолдол баталгаажлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 3 нь Тайланд, 4 нь Хятадууд ажээ. Франц улсад 5 хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсоноор нийт тохиолдлын тоо 11 болжээ. Шинээр бүртгэгдсэн 5 тохиолдлын эзэд нь бүгдээрээ Их Британий иргэд бөгөөд биеийн байдал нь харьцангуй гайгүй гэжээ. Air France авиакомпани Бээжин болон Шанхай хотууд руу хийх нислэгүүдийг цуцалсан шийдвэрээ 3 дугаар сарыг дуустал баримтлахаа мэдэгдлээ.

Японы нийслэл Токио хотын ойролцоох Йокохама хотын эргийн орчимд зогсож буй Diamond Princess хөлөг онгоц дээр карантинд байгаа хүмүүсээс дахин 3 хүн коронавирусээр халдварласан нь тогтоогджээ. Ингэснээр усан хөлөг дээрхи халдвар авсан хүний тоо нийт 64 болоод байна. Одоогийн байдлаар 2600 хүн уг усан онгоцон дээр карантинд орсон байдалтай байгаа юм. Тэдний хувьд тагт буюу балконгүй хаалттай өрөөнд өдөр хоногийг өнгөрүүлж, өдөрт дээд тал нь 1 цагийн хугацаанд л өрөөнөөсөө гарч агаарлахыг зөвшөөрсөн байна. Тус усан онгоцон дээр байгаа зарим Америкчуудаас засгийн газартаа хандаж, “халдвартай шорон” мэт орчноос яаралтай гаргаж өгөхийг хүсчээ.

/2020 оны 2 сарын 8-ны 19:00 цагийн байдлаар/