2024-05-15

ШАТАР ХӨТӨЛБӨР 2024 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2021.05.20/ цахимаар хуралдлаа. Хуралдаанаар 2014 оноос хэрэгжиж эхлээд байсан “Шатар” хөтөлбөрийг 2024 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн батлав.

Өнгөрөгч хугацаанд боловсролын салбарын хэмжээнд хэрэгжиж байсан уг хөтөлбөрийг өргөжүүлж, гэр бүл, албан байгууллагыг хамруулах, шатрын багш, дасгалжуулагчийн орон тоог нэмж, цалин урамшууллыг шийдэх гэхчлэн олон асуудлыг ярилцсан юм.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд шатрын спортын мэдлэг олгох, түүгээр дамжуулан тэсвэр тэвчээр, оновчтой шийдвэр гаргаж чаддаг зан чанарыг өвлүүлэн төлөвшүүлэх, зэрэгтэй тамирчдыг төрүүлэх гээд олон зорилго агуулж буй тус хөтөлбөрийг анх 2014 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дугаар тогтоолоор баталж байсан.  

Хөтөлбөрийн үр дүнд 270 гаруй цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт зааланд шатрын булан байгуулж, шатар тоглох орчинг бүрдүүлсэн ба төрөлжсөн байдлаар 60 гаруй дугуйлан хичээллэж байгаа юм. Шатраар хичээллэдэг хүүхдийн тоо хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанд 3707 байсан бол 2020 онд 10600 болж, зэрэгтэй тамирчдын тоо 69-өөс 110 болон нэмэгджээ. Мөн шатрын спортын 10 гаруй төрөлжсөн тэмцээнийг зохион байгуулж хэвшээд байгаа аж.