2024-04-26

С.ЦЭДЭНБАЛЖИР: ӨВС ТЭЖЭЭЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МАЛ, МАХ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийт нутгийн дийлэнх нь гантай байгаа энэ цаг үед малчдын отор нүүдэл үргэлжилсээр байна. Ирэх өвлийг хохирол багатай даван туулахад төр засгаас ямар ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?  

–    Манай аймагт 2020 оны эхэнд 16398 малчин өрхөд 5.6 сая мал тоологдож, 1394.2 мянган төл мал хүлээн авсан. Өнгөрсөн өвөл, хаварт нийт 115.6 мянган мал зүй бусаар хорогдож, одоогоор 200-гаад мянган малыг зах зээлд борлуулсан гэх дүн мэдээ бий. Өнөөдрийн байдлаар 6.7 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 10.6 сая мал намаржиж байна.

Аймгийн нийт нутгаар зундаа гандуу байж, бороо оройтож орсноос ургамлын гарц тачирхан, нийт бэлчээрийн 50 хувь гантай, 45 хувь гандуу өнгөрлөө. Үүнээс дүгнэлт хийхэд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад эрсдэл учирч мэдэхээр байгаа. Өвлийг хохирол багатай даван туулахад дөрвөн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, зөв удирдлага, зохион байгуулалттай ажиллах, малчдын түвшинд болон аймаг, сумын аюулгүй нөөцийн өвс тэжээлийг 100 хувь бүрдүүлэх, дунд болон дундаас доош таргатай малыг борлуулах, отор нүүдэл хийх, отроор яваа малчдын нийгмийн баталгааг хангахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, албан даалгавар гарган сумдад хүргүүлсэн. Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг хийж, цаашид хэрхэн ажиллах талаар санал боловсруулах, малчдын санал хүсэлтийг сонсох ажлыг зохион байгууллаа. Аймгийн ИТХ-аар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр өвс, тэжээл худалдан авахад зориулж 100 сая төгрөг, мөн Улсын Онцгой комисс, Засгийн газраас 400 сая төгрөгийг шийдвэрлүүлээд байна.

Өвс тэжээлийн нөөцийг өөрийн аймгаас бэлтгэхэх хүндрэлтэй байгаа шүү дээ. Үнийн бодлого баримтлах боломж бий юу?

–     Өөрийн аймгийн нутгаас хадлан бэлтгэх боломжгүй байгаа тул малчдын түвшинд бэлтгэх болон аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг гаднаас худалдан авах нөхцөл үүсээд байгаа юм.

Энэ хавар малын тэжээлийн ургамлыг өнгөрсөн жилээс 2 дахин их буюу 2360 га талбайд тариалсан. Ургацын урьдчилсан балансаар 35400 тонн буюу 25 килограммын 141600 боодол ногоон тэжээл бэлтгэх боломжтой байна. Үүнээс аймгийн аюулгүйн нөөцөд 20 мянган боодол буюу 500 тонн ногоон тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 38 мянган боодол буюу 950 тонн ногоон тэжээл нөөцлөх боломжтой байна. Үлдсэн ногоон тэжээлийг малчид худалдан авч нөөцөлнө. Нэг боодол ногоон тэжээлийн үнэ газар дээрээ 9-10 мянга орчим үнэтэй байна. Өвсийг Дорнод, Сүхбаатар аймгаас нийлүүлж байгаа. Газар дээрээ нэг боодол өвс 5-7 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол манай аймагт 12-13 мянган төгрөг, хивэг 14-15 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Мөн аймагт байгаа өвс, тэжээлийн судалгааг гаргасан. Одоогоор 3200 боодол өвс, 154 тонн тэжээл байна. Цаашид 37500 боодол өвс, 675 тонн тэжээл худалдан авах гэрээ хийсэн.

Малчдын түвшинд 58800 тонн өвс бэлтгэхээс 8.2 тонн буюу 14 хувийг, гар тэжээл 28300 тонн бэлтгэхээс 3.3 тонн буюу 12 хувийг бүрдүүлээд байгаа. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 4700 тонн өвс, 1150 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа ч өнөөдрийн байдлаар яриа хэлэлцээрийн шатанд байна.

Саяхан улсын Онцгой комиссын ажлын хэсэг ирж ажилласан. Энэ үеэр ямар нэг шийдвэр гарсан уу?

–     Өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай аймагт улсын Онцгой комиссын “Зудын эрсдэлийг үнэлэх ажлын хэсэг” ирж ажилласан. Манай аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагуудаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдсан асуудлаа танилцуулж, Засгийн газар, улсын Онцгой комиссын түвшинд шийдвэрлэх зарим хүсэлтийг тавьсан.

Ирэх долоо хоногт хариуг ирүүлнэ гэдгийг ажлын багийн бүрэлдэхүүн хэлсэн. Аймаг, сумын аюулгүйн нөөцийг бүрэн бүрдүүлэхэд 2.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас 700 орчим сая төгрөгийн эх үүсвэр тодорхой байна. Үлдсэн санхүүжилтийг өвс тэжээл худалдан авахад болон аймгийн Отрын штабт зориулан олгох хүсэлт тавьсан юм.

Мөн аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн зүгээс холбогдох бүхий л газруудад нөхцөл байдлыг танилцуулан, махны худалдаа эрхэлдэг томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, албан тоот хүргүүлэн ажиллаж байна.

Цаг хүндрэх нь тодорхой болсон энэ үед малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах эрэлт их байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

–     Зах зээлд борлуулах малын судалгааг сум бүрээс авч нэгтгэхэд 1518896 толгой мал борлуулах хүсэлтэй байгаа. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг махны гурван үйлдвэр бог, бодын мах худалдан авч байна. Мөн улсын нөөцөд 20 мянган тонн мах нөөцлөхөөр байгаагаас манай аймаг 260 тонн мах бэлтгэж нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Эрдэнэ-хүнс” ХХК хонь, ямааны махыг нэг килограммыг нь 4800-5000 төгрөгөөр худалдан авах юм. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс дулааны аргаар боловсруулсан 40 мянган тонн мах экспортлох шийдвэр гаргаж, энэ хүрээнд манай аймгаас 1349.0 мянган мал бэлтгэх квотыг ХХААХҮЯ-наас олгоод байна.

Отор хийж байгаа иргэдийн судалгааг гаргасан уу?

      Өнгөрсөн 9 дүгээр сарын 29-ний байдлаар 760 малчин өрх 15 аймгийн 43 суманд отор хийж байна. Мөн аймаг дотроо 839 малчин өрх оторлож яваа. Цаашид отор нүүдэл улам нэмэгдэх хандлагатай байна. ХХААХҮЯ-ны “Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын захиргаа”-нд манай газраас отрын бүс нутгуудад өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог өгсөн. Энэ дагуу “Хөх дэлийн бүс”-д 20 мянга, “Чилэнгийн отрын бүс”-д 10 мянга, “Хэрлэнбаян-Улааны отрын бүс”-д 25 мянга, Говь-Сүмбэр дэх “Малахын отрын бүс”-д 25 мянга, нийт 80 мянган малыг оторлуулах эрх өгсөн. Ингэснээр малчдад маань отрын бүс нутагт хөөж туугдахгүй, төлбөр хураамж нэхэхгүй, амар тайван өвөлжих боломж бүрдэж байгаа юм.

–   Мэдээлэл өгсөн танд баярлалаа.